Оросын цэрэг Донбасст “тусгай ажиллагаа” явуулах болсныг Путин зарлалаа

оруулсан Алсын Хараа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зэвсэгт хүчиндээ Донбассын бүс нутагт тусгай ажиллагаа явуулах тушаал өгснөө дөнгөж сая зарлалаа.

Украины Засгийн газрын армийн довтолгоо эрчимжсэнтэй холбоотой цэргийн тусламж үзүүлэх хүсэлтийг Донецк, Луганскийн салан тусгаарлагчид ОХУ-ын ерөнхийлөгчид өчигдөр гаргаад байсан юм.

Даваа гарагт эдгээр мужуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх зарлигт Путин гарын үсэг зурсны дараа энхийг сахиулах үүрэгтэй Оросын цэргийн хүч Донбасст нэвтэрч байв.

2014 онд Киевт гарсан Майданы хувьсгалын дараа хүн амынх нь дийлэнх хэсэг орос хэлтэй дээрх мужууд Украинаас салан тусгаарлаад байсан юм.

Украиныг бүрэн эзлэхээр ОХУ бэлдэж байна хэмээн Өрнөдийн орнууд анхааруулж байгаа. Хэдийгээр Украины хилийн орчимд их хэмжээний цэрэг, зэвсэг хуримтлуулсан ч Москвагийн эрх баригчид үүнийг үгүйсгэсээр байна.

Өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ Украиныг эзлэн түрэмгийлэх төлөвлөгөө байхгүй, зөвхөн Донбассын бүс нутагт довтолгооноос эсэргүүцэн хамгаалах ажиллагаа явуулахаа Путин мэдэгджээ.

Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсний хариуд АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг аваад байгаа.

Хэрвээ Украины эсрэг түрэмгийлэл цааш үргэлжилбэл Өрнөдийн холбоотнууд дараагийн шатны хориг арга хэмжээгээ зарлахаар төлөвлөж байна.

 

Эх сурвалж: Russia Today

 

Сэтгэгдэл бичих