БНСУ-ын иргэдэд вакцины нэмэлт тунд хамрагдахыг уриалжээ

оруулсан Алсын Хараа

/Yonhaр/. БНСУ-д коронавирусний халдварлах чадвар өндөр “омикрон” хувилбарын давлагаа дэгдээд байгаатай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин вакцины нэмэлт тунд хамрагдахыг ард иргэддээ хандан уриалжээ.

“COVID-19”-ийн вакцины гурван тун “омикрон” хувилбараар халдварлан нас барах эрсдэлийг эрс бууруулж, 60 болон түүнээс доош насны иргэдийг нас барахаас өндөр хувиар хамгаалж байгааг Мүн Жэ Ин онцолсон байна.

Тодруулбал, вакцины гурван тунд хамрагдсан 60-аас доош насны иргэдийн дунд нас баралтын түвшин 0 хувьтай байгааг Ерөнхийлөгчийн нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлд дурдаад, гуравдугаар тун “омикрон”-той тэмцэхэд ихээхэн ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэжээ.

БНСУ-д лхагва гарагт “COVID-19” халдварын шинэ тохиолдлын тоо дахин дээд үзүүлэлтэд хүрч, 170 мянга гаруй хүнээс халдвар илэрсэн нь долоо хоногийн өмнөхөөс хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт болсон байна.

Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд “омикрон” хувилбарын давлагаа ирэх сарын эхээр оргил үедээ хүрнэ гэж үзэж байгаа бөгөөд тухайн үед өдөрт 270 мянган хүнээс халдвар илрэх төлөвтэй байна.

БНСУ-ын 52 сая хүн амын 44.32 сая буюу 86.4 хувь нь вакцины хоёр тунд хамрагдаад байгаа бол нэмэлт тунд хамрагдсан үзүүлэлт 60 орчим хувьтай байгааг тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлэл харуулж байна.

Сэтгэгдэл бичих