Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 497 хүн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагджээ. Сүүлийн долоо хоногт халдварын тохиолдлын тоо 1000-аас доош бүртгэгдэж буй юм. Шинээр илэрсэн халдвар бүгд дотоодынх бөгөөд 257 нь Улаанбаатар хотод, 240 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Орон нутгаас халдварын хамгийн их буюу 39 тохиолдол Орхон аймагт илэрчээ. Харин Булган, Өвөрхангай, Сэлэнгэ аймагт шинээр халдварын тохиолдол илрээгүй байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 насны хоёр хүн нас баржээ. Ингэснээр уг өвчнөөр 2091 хүн эндээд байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар, халдварын улмаас 3238 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 11 310 хүн гэрээр эмчлүүлж байгаа аж. Тэдгээрийн 894 нь хөнгөн, 2039 нь хүндэвтэр, 260 нь хүнд, 45 нь маш хүнд өвчилсөн байна.