Л.Оюун-Эрдэнэ анх 2016 оны УИХ-д орж ирсэн. Тэгээд л намынхаа даргатай шөргөөцөлдөж эхэлсэн. Дамжаад тэр үед Монголыг барьчихсан байсан МАНАН хаягтай нөхдүүдийг өдөж хатгасан. 2018 оны сүүлчээр гудамжинд гарч үзсэн. Жагсаал хийсэн. Улс төр хийдэг бүхий л арга барилаар тоглож гарч ирсэн улстөрч. Ер нь бол сайхан популист, сайн тэмцэгч гэгддэг л дээ.
Тээр жил, тэгж дүн өвлөөр Сүхбаатарын талбайд жагсч явахдаа “...Би ямар нэг албан тушаалд очих гэж тэмцээгүй” гэж байв. Гэвч хоёр, гуравхан сарын дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс ЗГХЭГ-ын даргын тамгыг гардсан. Одоо тэр үгэндээ унадаг юм. “...Албан тушаал авахгүй” гэсэн, бас албан тушаалд очиж байгаа бичлэг нь цахим сүлжээнд байж л байдаг.
Яахав, Л.Оюун-Эрдэнэ дарга болоод хамгийн түрүүнд “Эрдэнэт”-ийг бүхлээр нь төрийн үйлдвэр болгосон. Бас Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлсон баримт бичгийг УИХ-аар батлуулсан. Гэхдээ л байсгээд л нийгэмд хөөрхөн дуулиан шуугиан тариад байдаг байв. Тагнасан чагнасан хэрэг, хууль шүүхийнхний авлигын хэрэг зэргийг дэлгэнэ. Өөрөө хөөцөлдөөд давхичихна. Тэр ч бүү хэл, хөл нь өвдөж Солонгос ниссэнээ ч ярина. Тэр утгаараа яахаас ч сийхгүй байж мэдэх, олон талтай, ер нь эвгүйдүү улстөрчийн дүр бүтээгээд амжсан. Гол нь зангуу шиг зууралдчихдаг. Бас зуумтгай.
Ингэж явж байгаад өнгөрсөн жилийн өдийгөөс арай эрт Ерөнхий сайдаар томилогдсон. Тэр үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэнэтийн шийдвэр гаргаж огцорсон. Орондоо Л.Оюун-Эрдэнийг үлдээсэн. За даа, тэр үед ч Л.Оюун-Эрдэнэ “...Тун шалихгүй амьтан Ерөнхий сайд боллоо” гэсэн олны дүгнэлттэй хамт Засгийн газрын Ерөнхий сайдын тамгыг гардаж байв шүү.
Том аналистууд түүнийг ердөө гурван сарын дараа огцорно гэж байлаа. Тухайн үеийн нөхцөл байдал ч тийм л байсан. Коронавирусийг алдчихсан. Эдийн засаг хэвчихсэн. Үйлчилгээний бүх газар хаалгаа барьчихсан. Цаашдаа хатуу хөл хориотой яваад байхад хэцүү болчихсон. Дэлхийд вакцин тарж эхэлсэн ч Монголд ирээгүй байлаа. Нийтээрээ түгшүүртэй, Монгол даяараа айдастай болчихсон үе. Л.Оюун-Эрдэнэ тийм үед засаг авчихаад УИХ-ын чуулган дээр том том төсөл, авлигатай хийх тэмцэл, нийтийн эрүүл мэнд яриад л зогсч байсан хүн. Ингэж “хөндлөн” юм ярьчихаад хатуу хөл хорио тогтоож байв. Тэгж байгаа Ерөнхий сайд тийм ч удахаар харагдаагүй юм.
Гэвч удалгүй Ковакс хөтөлбөрөөр Энэтхэгийн вакцин авчирч, араас нь хөршүүдийн хийснийг увуулж цувуулж оруулж ирсэн. Одоо бол вакцины асуудал дээр яриа байхгүй болсон. “...Олдохоор өлдөнө” гэдэг шиг манай Монголд вакцин муулдаг олон чигийн фронттой болчихсон байна билээ.
Зарим улстөрч, нийтлэлчдийн Ванга шиг зөгнөж байсан гурван сар нь өнгөрч, одоо жил даваад гарлаа. Сая МЭК судалгааны байгууллага ээлжит ажлынхаа дүнг зарлажээ. Түүгээр Л.Оюун-Эрдэнийн үйл ажиллагааны үнэлгээ нь Ерөнхий сайд болсноос нь хойшх хамгийн дээд хэмжээнд хүрч 6.5 болсон байна. МЭК-ийнхний тайлбараар судалгаанд оролцсон хүмүүс Л.Оюун-Эрдэнийг “...Хүүхдийн мөнгө нэмсэн”, “...Төмөр замын асуудал шийдсэн”, “...Оюутолгойн гүний уурхайг нээсэн”, “...Хөгжлийн банкинд тулгарсан асуудлыг ил болгож, арга хэмжээ авч эхэлсэн” гээд дэмжсэн байгаа юм. Харин “...Шийдвэрүүд нь хөрсөндөө буугаагүй”, “...Коронавирусийн тархалт”, “...Үнийн өсөлт”, “..Улаанбаатарын утаа” гэж шүүмжилсэн байна.
Ажиглаад байхад Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноосоо хойш, тодруулбал, томоохон үйл ажиллагааныхаа талаар өөрөө зарлахаа больчихсон. Гарч ирж ярьдаггүй. Урьдынхаараа бол том том нэвтрүүлэг хийлгээд зурагт болгоноор “түлхэж” байх байв. Хөшигний ард л зууралдаастай явдаг болов.
Товчхон хэлэхэд, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоод хийсэн хамгийн том ажил нь Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлж, 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлсэн явдал юм. Аль ч утгаараа энэ нь түүхэн арга хэмжээ болсон. Үр дүнг манайхан амдуулаад тэтгэвэр нэмэх зэргээр “амталгаа” эхлүүлчихээд л явж байна.
Вакцин бол ийм жагсаалтад бичигдэх ёстой. Вакцинжуулалтыг Монголд муулдаг ч, олон улсад магтаад байдаг юм билээ. Чухамдаа вакцины буянд гамшгийн шар түвшинд шилжиж, цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэсэн нь үнэн юм.
Мөн хэдхэн хоногийн өмнө болсон Хятадын айлчлалаас нь Монголын эдийн засгийн ирээдүйд том “хөрөнгө оруулалт” ирэхээр болсон. Хилийн холболт гэж яриад байгаагийг хамгийн гол зүйл нь Гашуунсухайтынх. Үүгээр 14 жил гацсан төмөр замын царигийн “маргаан”-д цэг тавьчих шиг болсон. Бүтэн 14 жилийн турш “танк”-аар айлгаж байгаад та бидний хүртэх ёстой ашигт малтмал, тэр дундаа нүүрсний экспортоос олох орлогыг хэдхэн нөхөр нуух газаргүй болтлоо хураасан байгаа юм. Санаанд оромгүй их мөнгөний асуудал удахгүй яригдана. Энэ утгаараа, тэр “хил холболт” ажил хэрэг болохоор Монголд Оюутолгойгоос дутахгүй том ашиг бодитоор орж ирнэ.
Хөгжлийн банкны хэрэг бол жирийн нэг гэмт хэрэг биш. Монгол Улсын хөгжлийн том төслүүдийг бүтэн 12 жил гацаасан Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн шинжтэй хэрэг. Хөгжлийн банкны хөрөнгийг энэ хугацаанд зооглосон нөхдүүд өнөөдөр ил болсон хэдээр зогсохгүй. Тэр утгаараа Хөгжлийн банк, хуулийн байгууллагад хураалттай байгаа материалууд бүгд гэмт хэрэг байх магадлал өндөр. Хамгийн гол нь хохирол яаж барагдах вэ, хариуцлагыг шударгаар хүлээлгэх үү гэдэг дээр л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлж ажиллах хэрэгтэй юм.
Ер нь тэгээд энэ МЭК-ийн судалгаан дээр үндэслээд харах нээ, олон нийт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэх хандлагатай болжээ. Өнөөдөр дэлхий дахинд коронавирусийн халдвар хумигдаагүй, аюул дэгдээсэн хэвээр байна. Монголд ч хэзээ “ногоорох” нь тодорхойгүй. Хүнд үе дуусаагүй. Тэр бүхэнд засаг л бэлэн, даацтай байх ёстой. Гэхдээ манайд эдийн засгийн ийм аятайхан чимээ хэд хэдээрээ дараалан сонсогдох болсон нь сайн хэрэг. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн үйл ажиллагаанд нь итгэл үзүүлсэн “индекс” ингэж нэмэгдсэн бололтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.ДАМДИН-ОЧИР
2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 39 (6771)