Татан буугдсан Капитал банкны өмчийн болон тус банкны барьцаанд байсан эд хөрөнгийг ЭМДЕГ, НДЕГ-т хувь тэнцүүлэн олгохоор Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн байна.
Энэ талаар Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэв.
Капитал банкийг 2019 оны дөрөвдүгээр сарын 8-нд татан буулгасан бөгөөд Монголбанкны хийсэн хяналт шалгалтаар ЭМДЕГ, НДЕГ-т нийт 240 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулах тооцоо гарсан байна. Улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тус банкны үлдэгдэл бэлэн мөнгөнөөс дээрх хоёр газарт тус бүр 7.7 тэрбум төгрөг шилжүүлсэн байна. Улмаар битүүмжлэсэн эд хөрөнгөөс Эрүүл мэндийн даатгалын санд 36.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, НДЕГ-т 22.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө шилжүүлжээ. ЭМДЕГ, НДЕГ нь Үндэсний зөвлөлийнхөө баталсан журмын дагуу үл хөдлөх болон бусад эд хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулж, мөнгийг сандаа төвлөрүүлж байгаа аж.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, “Өнгөрсөн амралтын өдрүүдэд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас ЭМДЕГ, НДЕГ-ын удирдлагуудад Капитал банкны өмчийн болон барьцаанд байсан эд хөрөнгийн жагсаалтыг танилцуулсан. Улмаар авбал зохих хувь хэмжээгээр нь Капитал банкны эд хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцлоо. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар үлдэгдэл 118 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хоёр газарт хувь тэнцүүлэн шижлүүлэх ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулахыг ХЗДХЯ, ХНХЯ, ЭМЯ-нд үүрэг болгосон. ЭМДЕГ нь Капитал банкнаас 91.9 тэрбум, НДЕГ 74.3 тэрбум төгрөг авах ёстой” гэлээ.
Капитал банкны битүүмжлэгдсэн эд хөрөнгө:
Нийт 52.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үйлчилгээний 44 объект
Нийт 1.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий 7 үйлдвэр
Нийт 32 тэрбум төгрөгийн үнэ бүхий 46 орон сууц
Нийт 26.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 82 газар
Нийт 2.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий 4 зоорь
Нийт 656 сая төгрөгийн үнэ бүхий дуусаагүй барилга 3
Нийт 228 сая төгрөгийн үнэ бүхий фермийн барилга 7
Нийт 564 сая төгрөгийн үнэ бүхий 6 агуулах байна.
Тус банкнаас зээл аваад эргэн төлөөгүй этгээд, барьцаа хөрөнгийг илрүүлэх ажлыг хийж байгаа аж. Ингэснээр ЭМДЕГ, НДЕГ-т шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулах боломжтой хэмээн үзэж байгааг ХЗДХ-ийн сайд онцолсон юм.
Ташрамд дурдахад, Монголбанкнаас “Капитал банк” ХХК-д хадгаламж эзэмшигч, харилцагч болон мөнгөн төлбөрийн шаардах эрх бүхий этгээдийн мөнгөн хөрөнгийг гарган өгч чадахгүй, банкны заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж чадахгүйд хүрсэн хэмээн үзэж, 2019 оны дөрөвдүгээр сарын 8-нд татан буулгасан юм.
Үүнээс гадна ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчидтай уулзахаар төлөвлөж буйгаа Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Тэрбээр Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах санал дүгнэлт боловсруулах ажлын багийг ахалж буй юм. Энэ хүрээнд хөрөнгө оруулагчидтай уулзаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсох аж. Мөн гадаадын хөрөнгө оруулагч ямар шалтгаанаар хууль хяналтын байгууллагаар шалгуулсан, аль хөрөнгө оруулагч хэдэн төгрөгийн хохиролтой байгаа, түүнийг шийдвэрлэх ажиллагаа ямар шатанд байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр төлөвлөж буйг ХЗДХ-ийн сайд онцолсон юм. Уг уулзалтад гадаад орнуудаас Монгол Улсад суугаа ДТГ-ын тэргүүн нар, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг мөн урьжээ.