ЕХ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд хамрагдсан жуулчдад хилээ нээнэ

оруулсан Алсын Хараа

/Reuters/. Европын Холбооны /ЕХ/ орнууд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ зөвшөөрөл олгосон “COVID-19”-ийн вакцинуудад хамрагдсан жуулчдад хилээ нээх шийдвэрийг мягмар гарагт гаргажээ.

ЕХ одоогийн байдлаар “Pfizer-BionTech”, “Moderna”, “AstraZeneca” /Европт үйлдвэрлэгдсэн/, “Johnson & Johnson”, “Novavax” компанийн вакцинуудыг хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Харин ДЭМБ-ын хувьд эдгээрээс гадна Хятадын “Sinopharm”, “Sinovac”, Энэтхэгийн “Bharat Biotech” компанийн вакцинуудыг, мөн Энэтхэгийн “Serum” хүрээлэнд үйлдвэрлэсэн “AstraZeneca”-гийн вакцинд зөвшөөрөл олгоод байгаа билээ.

Өдийг хүртэл Европын холбооны ихэнх орнууд ЕХ-нд зөвшөөрөгдөөгүй вакцинд хамрагдсан нэн шаардлагагүй шалтгаанаар зорчих хүсэлтэй иргэдийг хилээрээ нэвтрүүлэхийг хязгаарлаж байсан юм. Харин мягмар гарагт ЕХ-ны Засгийн газруудын баталсан, гуравдугаар сарын 1-нээс мөрдөх зөвлөмжид гишүүн орнууд ЕХ, ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд хамрагдсан хүмүүст тогтоож буй зорих хөдөлгөөний түр хязгаарлалтаа цуцлах хэрэгтэй хэмээн цохон тэмдэглэжээ.

Тодруулбал, эхний вакцинжуулалтын сүүлийн тунд наад зах нь 14 хоногийн өмнө хамрагдсан, мөн хийлгэснээсээ хойш 270 хоногоос ихгүй хугацаа өнгөрч байгаа жуулчдад хязгаарлалтуудыг цуцална. Мөн нэмэлт тунд хамрагдсан жуулчдыг хүлээн авахаас гадна “COVID-19”-өөр халдварлаад эдгэрснээс хойш 180 хоногийн дотор зорчихыг зөвшөөрнө. ДЭМБ-д зөвшөөрөгдсөн вакцинд хамрагдсан хүмүүст мөн 72 цагийн дотор өгсөн “PCR” шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлах, тусгаарлах гэх мэт нэмэлт арга хэмжээнүүдийг мөрдөх шаардлага тавьж магадгүй байна.

Сэтгэгдэл бичих