ӨМӨЗО-нд хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлалаа

оруулсан Алсын Хараа

ӨМӨЗО-нд хоёрдугаар сарын 18-наас хойш хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг (суудлын машин, автобус, галт тэрэг, хурдан галт тэрэг, онгоц) бүрэн зогсоож, Хөх хотод ирэх болон явах бүх хөдөлгөөнийг хязгаарласан байна.

Тус хотод өнөөдрийн 10 цагийн байдлаар коронавирусын 161 батлагдсан тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр ӨМӨЗО-ны хэмжээнд “Ковид-19”-ийн халдварын тоо 175 боллоо. Үүнээс Хөх хотод 161, Бугат хотод 8, Хөлөнбуйр хотод 5 (бүгд Манжуурт), Баяннуур хотод 1 (Улаат өмнөд хошуу), Туньляо хотод 1 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна. Мөн “Ковид-19”-ийн анхны тохиолдол хоёрдугаар сарын 19-ний өдөр бүртгэгдсэнээс хойш өнөөг хүртэл Хөх хотын 24 хороо, тосгон, сууринд халдвар илрээд байна. Иймд өнгөрсөн гурав  хоногийн хугацаанд бүх иргэнээсээ гурван удаа ПСР шинжилгээ авчээ.

Бугат хотын Дархан муу мянган холбоот хошууны нутаг дэвсгэрт манай улстай хиллэдэг Мандал-Ханги боомт байдаг. Түүнчлэн Баяннуур хотын Улаат дунд хошуунд Ганцмод-Гашуунсухайт боомт байрладаг бөгөөд өвчин гарсан Улаат өмнөд хошуунаас 136 км-ийн зайтай аж.

ӨМӨЗО-ны хэмжээнд зөвхөн ачаа тээврийн хэрэгсэл зорчиж байгаа бөгөөд 48 цагийн дотор хийлгэсэн ПСР шинжилгээтэй тохиолдолд дайран өнгөрүүлж байна. Хэрвээ өвчин гарсан бүсэд нэвтрэх тохиолдолд тухайн жолооч, тээврийн хэрэгслийг 14 хоногийн хугацаанд тусгаарлах дэглэм мөрдөж эхэлжээ.

Хөх хот дахь Ерөнхий консулын газрын байрлах Сайхан дүүргийн Улаан хороонд одоогоор өвчин бүртгэгдээгүй ч тус дүүргийн 5 хороонд 35 тохиолдол батлагдсан байна.

Сэтгэгдэл бичих