/TASS/. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон бүх хязгаарлалтыг эцэслэн цуцалж, "хүмүүст эрх чөлөөг нь буцааж өгөх" талаар тусгасан "COVID-19-тэй зэрэгцэн орших нь" төлөвлөгөөгөө даваа гарагт танилцуулна гэж тус улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар мэдээлжээ.
"Вакцинжуулалтын хөтөлбөрийн гайхалтай амжилт, вирусний талаарх бидний ойлголт сайжирсны ачаар бид засгийн газрын хөндлөнгийн оролцооноос хувийн хариуцлага руу шилжих боломжтой боллоо" гэж мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна. Борис Жонсон Засгийн газар нь коронавирусний шинжилгээний хариу нь халдвартай гарсан иргэдийг 10 хоног тусгаарлах шаардлагыг цуцлах төлөвлөгөөтэй байгаагаа нотолсноос хойш хоёр хоногийн дараа парламентад энэ талаар мэдэгдэл хийхээр төлөвлөж байгаа аж. “The Mail on Sunday” сонинд мэдээлснээр, энэ өөрчлөлт хоёрдугаар сарын 24-нөөс хэрэгжиж эхлэх төлөвтэй байна.
Их Британийн хүн амын 85 хувь нь оршин суудаг Англид коронавирусний гол хязгаарлалтуудыг 2021 оны долоодугаар сард цуцалсан юм. Харин өнгөрсөн оны 12 дугаар сард “омикрон” хувилбар тархсаны улмаас хэд хэдэн хязгаарлалтыг сэргээсэн. Тодруулбал, нийтийн тээвэр, хүнсний дэлгүүрүүдэд амны хаалт заавал зүүх шаардлага тавьж, ажил олгогч нарт ажилтнуудаа цахимд шилжүүлэх зөвлөмж гаргасан байна. Үүнээс гадна, үзвэр үйлчилгээ, спортын тэмцээн уралдаан үзэхийн тулд вакцинд бүрэн хамрагдсан цахим гэрчилгээг үзүүлэх шаардлагатай байв.
Эдгээр журмыг өвчлөл, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо буурсантай холбоотойгоор нэгдүгээр сарын дундуур цуцалжээ. Одоогийн байдлаар Их Британийн эмнэлгүүдэд 11 500 орчим халдвартай хүн хэвтэн эмчлүүлж байгаа нь 2021 оны өвлийн оргил үе буюу 34 мянгад хүрч байсан үеийнхээс хамаагүй бага байна.
Б.Жонсон бүүстэр вакцинд хамруулах кампанит ажилгүйгээр "хэвийн амьдралдаа эргэн орох" боломжгүй байсан гэдгийг удаа дараа онцолж байсан юм. Тус улсын Засгийн газрын хамгийн сүүлийн мэдээллээр, 12-аас дээш насны хүн амынх нь 66.1 хувь нь буюу 38 сая хүн гуравдугаар тунд хамрагдсан бол 12-аас дээш насны хүн амын 85 хувь нь буюу 48.9 сая хүн вакцины хоёр тунг, 91.4 хувь нь буюу 52.6 сая хүн эхний тунг хийлгэжээ.