/BBC/. Их Британийн хатан хаан Элизаветагийн “COVID-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсан талаар Букингемийн ордноос мэдээллээ.
Хатан хаанд “ханиадтай төстэй хөнгөн шинж тэмдгүүд” илэрч байгаа ч ирэх долоо хоногт Виндзор шилтгээнд товлосон зарим ажлаа гүйцэтгэх төлөвтэй байна гэж ордны мэдэгдэлд дурджээ. Мөн тэрбээр эмнэлгийн тусламжийг үргэлжлүүлэн авч, холбогдох бүх дүрэм журмыг дагана гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
Түүний ууган хүү, угсаа залгамжлагч, Уэльсийн хунтайж Чарльз хоёрдугаар сарын 10-нд коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд тэрбээр ээжтэйгээ хоёрдугаар сарын 8-нд уулзсан байжээ. Мөн хатан хааны оршин сууж буй Виндзор шилтгээнд олон хүн халдвар авсан талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа юм.
Ирэх дөрөвдүгээр сард 96 насыг зооглох хатан хаан 2021 оны нэгдүгээр сард "COVID-19"-ийн вакцины эхний тунг хийлгэж, гурван тунд хамрагджээ.
Ням гаргийн орой Букингемийн ордон хатан хааны зүгээс Их Британийн керлингийн баг тамирчдад баяр хүргэснийг уламжилжээ. Тэрбээр өвлийн олимпод “өндөр амжилт” гаргасан багуудыг сайшаасан байна. Олимпоос эмэгтэйчүүдийн баг алт, эрэгтэйчүүдийн баг мөнгөн медаль тус тус хүртжээ.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны хувьд хатан хаанд сайн сайхныг хүсэж буй бүх хүний өмнөөс түргэн эдгэрэхийг ерөөсөн байна. Мөн сөрөг хүчний Лейборист намын дарга Кейр Стармер хатан хаанд эрүүл энхийг хүсээд, хурдан эдгэрэхийг ерөөжээ.