/Bloomberg/. Коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүмүүс нэг жилийн дараа сэтгэлийн түгшүүр, сэтгэл гутрал болон бусад сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд өртөх эрсдэл өндөр байгааг АНУ-ын томоохон хэмжээний судалгаа харуулсан байна.
Энэхүү судалгааг АНУ-ын Ахмад дайчдын асуудал эрхэлсэн яамны эрүүл мэндийн цахим мэдээллийн санд үндэслэн явуулсан бөгөөд үр дүнг нь лхагва гарагт “BMJ” анагаах ухааны сэтгүүлд нийтэлжээ. Судлаачид коронавирусний халдвар аваад эдгэрсэн 154 мянга орчим хүнд нэг жил орчим ажиглалт хийсэн бөгөөд мөн хугацаанд халдвар аваагүй 5.6 сая хүний мэдээлэл болон цар тахал гарахаас өмнөх үеийн 5.9 сая хүний мэдээлэлтэй харьцуулалт хийсэн байна.
Үр дүнд нь халдвар аваад эдгэрсэн хүмүүст сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлууд үүсэх магадлал өндөр гэсэн дүгнэлт гарчээ. Судалгааны дүнд коронавирусний халдвар авсан ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагүй /хөнгөн өвдсөн/ хүмүүсийн хувьд ч нойрны эмгэгтэй болох магадлал 68 хувь, айдас түгшүүрийн эмгэгтэй болох магадлал 77 хувиар илүү байжээ. Харин халдвар аваад эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөнүүдэд /хүнд, хүндэвтэр өвдсөн/ эдгээр асуудлууд үүсэх магадлал бүр өндөр байсан байна.