“Тель-Авив-2022” Их дуулгаас 3 хүрэл медаль хүртлээ

оруулсан Алсын Хараа
Израиль улсын Тель-Авив хотноо өнөөдөр Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цуврал “Тель-Авив-2022” Их дуулга тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг жингийн барилдаанууд болж, Монголын 3 жүдоч хүрэл медаль хүртлээ.
Тус Их дуулгад 34 улсын эрэгтэй 165, эмэгтэй 133, нийт 298 жүдоч хүч үзэхээр Тель-Авив хотноо очсон бөгөөд өнөөдөр Монголын 6 жүдоч татамид гарч барилдлаа.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д 23 жүдоч хүч үзсэн бөгөөд Өвөрхангай аймгийн Баянгол сумын харъяат, “Женко” клубийн тамирчин Энхтайваны Сумъяабазар, Увс аймгийн Тэс сумын харъяат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хангарьд” спорт клубын тамирчин Бямбажавын Цогт-Очир нар барилдав. Э.Сумъяабазар А хэсэгт бичигдэн, эхний тойрогтоо гоц мөргөөд, хоёрын даваанд Европын залуучуудын аварга, Украины Дилшот Халматовыг ялж шигшээ наймд ДАШТ-ий хүрэл медальт, тэмцээний чансааг тэргүүлж буй Азербайжаны Карамат Хусейнов цэвэр ялагдаж, дагах барилдаанд Нидерландын бөхөд цэвэр унаж тэмцээнээ дуусгав.
Харин энэ оны Португалийн Гран Пригийн хүрэл медальт Б.Цогт-Очир эхний тойрогтоо өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт Италийн Д Анжело Биажог, дараа нь 2021 оны Антальягийн Их дуулгын аварга Бельгийн Жорре Верстраетенг тус тус ялсан. Улмаар шилдэг наймд залуучуудын ДАШТ-ий мөнгө, өнгөрсөн оны Парисын Их дуулгын аварга Азербайжаны Агаев Балабайг, улмаар Сумъяабазарыг ялсан Нидерландын Ц.Торникег ялж “Тель-Авив-2022” Их дуулгаас хүрэл медаль хүртэв.
Эрэгтэйчүүдийн 66 кг-д 26 жүдоч хүч үзсэн бөгөөд “World Masters”-ийн алт, мөнгөн медальт, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Ганболдын Хэрлэн, Хэнтий аймгийн тамирчин, 66 кг жингийн улсын аварга Гүнжинлхамын Сод-Эрдэнэ нар энэ жинд барилдав.
2021 оны ДАШТ-ээс хойш олон улсын тэмцээнд оролцоогүй байсан Г.Хэрлэн тэмцээний чансааны 4-т эрэмбэлэгдэж, В хэсгийг тэргүүлэн барилдсан.
Тэрбээр эхний тойрогт гоц мөргөөд, хоёрын даваанд Узбекистаны Бобур Яджиевийг, улмаар Украины Богдан Ядовыг тус тус ялж хэсгийн аварга болсон. Тэрбээр Францын жүдоч Д.Боубаг цэвэр ялж Их дуулгын хүрэл медаль хүртлээ.
Харин энэ жинд барилдсан залуу мастер Г.Сод-Эрдэнэ эхний тойрогтоо 2021 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальтай Германы Сламбергер Леннарттай учраа ялсан ч дараагийн тойрогт эзэн орны Барух Шмайловт цэвэр унаж тэмцээнээ дуусгав.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д Парисын “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртэж, чансаагаа үлэмж нэмэгдүүлсэн Бавуудоржийн Баасанхүү эхний даваанд 2021 оны залуучуудын Эзэн орны бөх Шира Ришонитой барилдаж ялагдсан ч дагах барилдаанд Чили болон Сербийн жүдочдыг ялж Их дуулгын хүрэл медалийн эзэн боллоо. Энэ жинд нийт 20 жүдоч хүч үзэж Францын Ширине Боукли тэргүүлэв.
Эмэгтэй 57 кг-д Өсвөрийн Ази, номхон далайн орнуудын аварга Оюунгэрэлийн Оюунчимэг эхний даваанд Казахстаны Севара Нишанбаеватай учраа таарч цэвэр ялагдаж тэмцээнээ дуусгалаа.

Сэтгэгдэл бичих