Германд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулна

оруулсан Алсын Хараа

/AFP/. Германд коронавирусний халдварын тархалтын сааруулахын тулд авч хэрэгжүүлж буй хязгаарлалтын арга хэмжээнүүдийг үе шаттайгаар сулруулна гэж тус улсын Канцлер Олаф Шольц лхагва гарагт 16 мужийн захирагчидтай цахим хэлбэрээр хуралдсаныхаа дараа мэдэгджээ.

Вакцинд хамрагдаагүй хүмүүсийг дэлгүүр, зоогийн газраар үйлчлүүлэхийг зөвшөөрөх гэх мэт шийдвэр багтсан гурван үе шат бүхий төлөвлөгөөний дагуу ирэх гуравдугаар сарын 20 гэхэд хязгаарлалтын ихэнх арга хэмжээнүүдийг сулруулах бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ өдрийг “эрх чөлөөний өдөр” хэмээн тодорхойлж байна.

О.Шольц хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, нөхцөл байдал сайжирч байгааг дурдсан ч цар тахал дуусаагүй байгаа тул сонор сэрэмжтэй байж, амны хаалтаа үргэлжлүүлэн зүүхийг германчуудад уриалжээ. Ингэснээр тус улс нь хоёр жилийн өмнө цар тахал дэгдсэнээс хойш хэвийн амьдралдаа эргэн орох алхмыг хийж буй Европын сүүлийн орнуудын нэг болж байна.

Германд эхний ээлжид хувийн уулзалтад вакцинд хамрагдсан, халдвар аваад эдгэрсэн 10 хүн оролцохыг зөвшөөрч буй хязгаарлалтыг нэн даруй цуцална. Харин вакцинд хамрагдаагүй хүмүүсийн хувьд гэрээсээ гадуур хоёр хүнтэй уулзах журмыг дахин нэг сарын турш мөрдөнө.

Дэлгүүрүүдийн хувьд хэрэглэгчдээ вакцинд хамрагдсан эсэхийг нь шалгахгүйгээр үйлчлэх боломжтой болно. Гэхдээ амны хаалт зүүхийг үргэлжлүүлэн зөвлөх бөгөөд өндөр хамгаалалттай “FFP2” амны хаалт зүүхийг санал болгох ажээ. Улмаар гуравдугаар сарын 4-нөөс зоогийн газар, зочид буудлуудад шинжилгээний хариу нь сөрөг гарсан вакцинд хамрагдаагүй хүмүүст үйлчлэхийг зөвшөөрнө.

Мөн шөнийн клубүүд нээгдэх ч вакцинд хамрагдаагүй хүмүүст үйлчлэхгүй. Түүнчлэн спортын тэмцээн гэх мэт олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцох хүмүүсийн тоог нэмэгдүүлнэ. Ийнхүү гуравдугаар сарын 20 гэхэд нийгэм, соёл, эдийн засгийн үйл ажиллагаанд тогтоож буй хязгаарлалтуудыг үе шаттайгаар цуцлахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл бичих