Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын уран бүтээлчдийг дэлхийн алдартай кино наадмуудын нэгт зүй ёсоор багтдаг “Каннын кино фестиваль”, дүрслэх урлагийн салбарын том наадам болох Венецийн олон улсын биеннальд ороход дэмжихийг Соёлын яаманд үүрэг болгосон байна.
Ингэснээр соёлын салбарын үйл ажиллагааг бодитооор дэмжих боломж бүрдэнэ гэдгийг Соёлын сайд Ч.Номин Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр онцлов.
Тэрбээр, “Монгол Улсын хугацааны хөгжлийн бодлого “Алсан хараа-2050”-д Хөгжлийн тэргүүлэх зургаан чиглэлд Бүтээлч эдийн засаг хэмээн тусгасан. Тэр ч утгаараа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Аж үйлдвэржилтийн бодлого дотор бүтээлч эдийн засгийг хөгжүүлэх хөтөлбөр олноор тусгасан юм. Үүнээс гадна аялал жуулчлалын хөгжлийг соёлын салбартай уялдуулах бодлого бий. Соёлын яам нь Монгол Улсыг олон улсад эергээр сурталчлах, жуулчин татахад аялал жуулчлалын салбартай түлхүү хамтран ажиллах юм. Энэ хүрээнд дэлхийн томоохон үзэсгэлэн, наадмуудад соёлын салбарынхнаа оролцуулах нь чухал байгаа. Тухайлбал, Венецийн олон улсын биеннальд улс төр, бизнес, урлагийн салбарынхан, хэвлэл мэдээллийн салбарын 8000 гаруй төлөөлөгч ирдэг.
Монгол Улс өнгөрсөн онд Кино урлагийн тухай хуулийг баталсан бөгөөд энэ хүрээнд дэлхийн томоохон киног Монголд бүтээхэд дэмжлэг үзүүлэх боломжтой болсон. Үүнийг олон улсад таниулах гол боломж нь “Каннын кино фестиваль” юм. Өнөөдрийн байдлаар Холливүүдийн 4 кино продакшнтай хамтран ажиллаж кино хийх болсон бөгөөд эхний зураг авалтыг зургаадугаар сард эхлүүлэхээр төлөвлөсөн байгаа” гэлээ.