Олон нийтийн урлагийн өдрүүдийг Улиастайд 2021 оны энэ сарын 18, 19-нд 11.00-20.00 цагийн хооронд нийтэд нээлттэй зохион байгуулна.
“Нүүдлийн Улаан булан” төслийн хүрээнд Улиастай дахь “Ид шидийн орон 2” хүүхэд хөгжлийн төвийн хажууд байгуулсан олон улсын уран бүтээлчдийн гэр резиденс, урлагийн бүтээн байгуулалт хийсэн 400 метр гудамжийг танилцуулах юм.
Энэ хүрээнд уран бүтээлч С.Амарсайхан, Ц.Ариунтөгс, Ж.Ариунтуяа, Б.Баатарзориг, Б.Бат-Эрдэнэ, С.Батсайхан, Б.Дөлгөөн, Г.Мөнхболор, Ж.Мөнхжаргал, Ж.Мөнхцэцэг, Б.Нандин-Эрдэнэ, С.Нарбаяргалан, Б.Номин, Ц.Түвшинжаргал, Л.Хонгорзул, Х.Цэцэн, Р.Чинзориг, Т.Энхболд нарын уран бүтээлийн үзэсгэлэнг “Ид шидийн орон 2” хүүхэд хөгжлийн төвийн байранд зохион байгуулна. Гадаа болон дотор орон зайнд дуу авиан экспримент, үйл хөдлөлийн болон олон нийтийн урлагийн хөтөлбөрүүд болох юм. Түүнчлэн Нүүдлийн Улаан булан төслийн хүрээнд Монголын шилдэг контемпорари уран бүтээлчид бүтээлээ туурвисан Улиастайн эцсээс “Ид шидийн орон 2” хүүхэд хөгжлийн төв хүртэлх 400 метр гудамж үзэгчдэд нээлттэй байх нь.
Энэхүү төслийг Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдэд урлагийг ойртуулах зорилгоор Art Space 976-аас санаачилсан ба 2020 оноос эхлэн Монголын контемпорари уран бүтээлчид, сайн дурынхан, орон нутгийн иргэд, байгууллагуудтай хамтран гэр хорооллын гудамж талбай, хашааг урлагтай болгох төслүүдийг Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт амжилттай хэрэгжүүлж ирсэн билээ. 2022 оноос эхлэн Гэр резиденс хөтөлбөрийн хүрээнд олон улсын уран бүтээлчид, кураторуудтай хамтран ажиллаж, Улиастай хавьд урлагийн төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Энэхүү төслийг Гёте институт болон ХБНГУ-ын Гадаад хэргийн яамнаас санаачилсан Олон улсын тусламжийн сан, Монгол Улсын Соёлын Яамны Соёл Урлагийг Дэмжих Сангаас ивээн тэтгэж, 976 Арт галерейн хамт олон болон контемпорари уран бүтээлчид, “Ид Шидийн Орон 2” төвтэй хамтран хэрэгжүүлж байна.