/Reuters/. Канадад коронавирусний “омикрон” хувилбарын давлагааны оргил үе өнгөрсөн тул вакцинд бүрэн хамрагдсан жуулчдад тавих шинжилгээний шаардлагыг хоёрдугаар сарын 28-наас сулруулна гэж тус улсын Нийгмийн эрүүл мэндийн газар мягмар гарагт мэдээлжээ.
Тодруулбал, аялагчид хилээр нэвтэрснийхээ дараа түүврийн аргаар авах шинжилгээнд хамрагдаж магадгүй ч шинжилгээний хариугаа хүлээх хугацаандаа тусгаарлагдах шаардлагагүй болно. Мөн тухайн улс орондоо хүлээн зөвшөөрөгдсөн антигений шинжилгээг өгөх боломжтой болох юм.
Одоогоор Канадад ирж буй бүх жуулчинд вакцинд хамрагдсан байдлыг нь үл харгалзан нисэх онгоцонд суухаасаа өмнө юм уу хилээр нэвтрэхээсээ 72 цагийн өмнө өгсөн “PCR” шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлах шаардлага тавьж байгаа юм.
Засгийн газар мөн канадчуудад “омикрон” хувилбарын тархалтын улмаас онцын шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг зөвлөж байсан шийдвэрээ сулруулж, 12-оос дээш насны вакцинд хамрагдаагүй хүүхдүүдэд тавьж байсан хязгаарлалтуудыг цуцлах ажээ.
Харин вакцинд хамрагдаагүй жуулчдын хувьд Канадад ирснийхээ дараа шинжилгээнд хамрагдаж, 14 хоног тусгаарлагдах шаардлагатай хэвээр байна.