БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлжээ

оруулсан Алсын Хараа

/Yonhap/. БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн 22 өдөр үргэлжлэх кампанит ажил өнөөдрөөс эхэлж, нэр дэвшигчид албан ёсоор сонгуулийн сурталчилгаагаа явуулж эхэллээ. Эрх баригч Ардчилсан намын нэр дэвшигч Ли Жэ Мён баруун өмнөд нутгийн Бусан боомт хотын хөлөг онгоцны хөдөлгөөнийг хянах цамхагт шөнө дунд очсоноор кампанит ажлаа эхлүүлжээ.

Сөрөг хүчний Иргэний хүч намаас нэр дэвшигч Юн Сок Ёлын хувьд БНСУ-ын улстөрчид шинэ замналаа эхлүүлэх үеэрээ уламжлал болгон очдог Сөүлийн үндэсний оршуулгын газарт очиж хүндэтгэл илэрхийлэх төлөвтэй байна.

Харин төвч үзэлт Ардын намын нэр дэвшигч Ан Чёл Су Ерөнхийлөгч асан Пак Чун Хигийн мэндэлсэн зүүн өмнөд нутгийн хотод зочлохоосоо өмнө консервативчууд давамгайлдаг Дэгү хотын сонгогчидтой уулзахаар төлөвлөж байгаа ажээ.

Шударга ёс намын Сим Сан Жон Хойд Жёлла мужийн Иксан хотын сонгогчидтой уулзаж, эхний хоёр өдрөө либерал Жёлла мужийн оршин суугчидтай уулзалт хийж өнгөрүүлнэ. Сонгуулийн үндэсний хороонд нийт 14 нэр дэвшигч бүртгүүлээд байгаа талаар сонгуулийн хяналтын байгууллага мэдээлжээ.

Сонгуулийн кампанит ажил үргэлжлэх хугацаанд нэр дэвшигчдэд намынхаа мөрийн хөтөлбөр, сурталчилгааны бусад материалаа сонинуудад 70 хүртэлх удаа хэвлэж, телевиз, радиогоор нэвтрүүлэх нэг хүртэлх минутын сурталчилгаагаа нэг сувгаар 30 удаа үзүүлэхийг зөвшөөрнө.

Нэр дэвшигчид мөн өглөөний 6 цагаас оройн 11 цагийн хооронд сурталчилгааны тээврийн хэрэгслүүд, чанга яригчаар задгай талбайд үг хэлэх боломжтой. Мөн сонгуулийн ажилтнууд, сайн дурынханд сурталчилгааны дуу дуулж, бүжиглэхийг зөвшөөрнө.

Мөн санал асуулгын дүнг сонгууль болохоос зургаан хоногийн өмнөөс олон нийтэд танилцуулж болохгүй байна. Энэхүү сонгууль нь 2020 онд санал өгөх эрхтэй сонгогчдын насны хязгаарыг 19-өөс 18 болгож бууруулснаас хойших анхны ерөнхийлөгчийн сонгууль болох юм.

Даваа гарагт Үндэсний ассамблейн баталсан хуулийн төслийн дагуу “COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүд болон халдварын улмаас тусгаарлагдаж байгаа иргэд санал хураах цаг дууссаны дараа буюу оройн 18:00-19:30 цагийн хооронд саналаа өгөх боломжтой болжээ.

Сэтгэгдэл бичих