Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1297 тохиолдол батлагджээ. ЭМЯ-ны мэдээлснээр, сүүлийн 24 цагт илэрсэн тохиолдлын 687 нь Улаанбаатарт, 610 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас хамгийн олон тохиолдол буюу Орхон аймагт 69, Баян-Өлгий аймагт 65 тохиолдол тус тус бүртгэгджээ. Харин сүүлийн 24 цагт Баянхонгор, Дорноговь аймагт халдвар бүртгэгдээгүй байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 насны хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд уг өвчнөөр 2067 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдвартай 6 219 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 599 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд оноштой 68 хүн байна. Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж буй 22 303 хүн байгаа аж.