Хятад улс газрын ховор элементийн хомсдолд оржээ

оруулсан Алсын Хараа

/TASS/. Мьямараас нийлүүлэлт тасалдсантай болон цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаатай холбоотойгоор Хятад улс газрын ховор элементийн хомсдолд орж эхэлжээ.

“Global Times” сонинд мэдээлснээр, БНХАУ-д энэ түүхий эдийн үнэ нэгдүгээр сард жилийн дунджаас 14 хувиар өссөн байна.

Хятадад билгийн тооллоор тэмдэглэдэг Шинэ жилийн баярын бүх нийтийн долоо хоногийн амралт (нэгдүгээр сарын 31-ээс хоёрдугаа сарын 6 хүртэл) дууссаны дараа орон нутгийн компаниуд ялангуяа зүүн нутгийн Жянси мужийн компаниуд газрын ховор элементийн олборололтоо эрс нэмэгдүүлжээ. “Олборлолтын хэмжээг баярын өмнөх түвшинд хүргэсэн. Эрчим хүчний өөр эх үүсвэрээр ажилладаг хөдөлгүүр, машин үйлдвэрлэгчдийн эрэлт хэрэгцээ тогтмол нэмэгдэж байна” гэж Хятадын уул уурхайн нэгэн компанийн эх сурвалж тус сонинд ярьжээ.

Албан ёсны статистик мэдээгээр, 2021 онд Хятадад цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалт 181 хувиар нэмэгдэж, 3.3 сая гаруй ширхэг болсон байна.

Өнгөрсөн 12 дугаар сард Хятадын аж үйлдвэрийн хэд хэдэн тэргүүлэх компани Засгийн газрын дэмжлэгтэйгээр Хятадын газрын ховор элементийн корпорац хэмээх төрийн өмчит томоохон корпорацыг байгуулсан байна. Энэхүү корпорацыг өндөр технологийн салбарыг түүхий эдээр тогтвортой хангах, олон улсын зах зээлд улс орны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор байгуулжээ. Шинэ арилжааны байгууллага нь Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Төрийн өмчийн хяналт, удирдлагын хороонд харьяалагдах төв аж ахуйн нэгж бөгөөд нийт хувьцааны 31 орчим хувийг эзэмшдэг байна.

Сэтгэгдэл бичих