Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Монгол-Японы эмнэлгийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяанд шилжүүлэв.
Улмаар тус эмнэлгийн үйлчлэх хүрээг тогтоох, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд нарт даалгалаа. Их сургуулийн эмнэлэг нь эмнэлгийн болон бусад мэргэшлээр суралцаж буй оюутан, эмч, эрүүл мэндийн ажилтанд анагаах ухаан болон эрүүл мэндийн боловсрол олгох, эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшүүлэх, давтан сургах, эрдэм шинжилгээ судалгааны ажил эрхлэхийн зэрэгцээ үндсэн болон төрөлжсөн мэргэшлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм.
Монгол, Японы Засгийн газрын 2014 оны гэрээний дагуу Японы санхүүжилтээр байгуулсан тус эмнэлэг 2019 онд ашиглалтад хүлээлгэн өгсөн. Улмаар 2020 оны гуравдугаар сард БСШУСЯ-ны харъяанд оруулсан юм. Улмаар өнөөдөр АШУҮИС-ийн харъяанд албан ёсоор шилжүүлж байна.