/TASS/. БНСУ-д цар тахал дэгдсэнээс хойш халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ гэж тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.
Хоёрдугаар сарын 8-ны байдлаар тус улсад коронавирусний халдварын 49 567 шинэ тохиолдол илэрсэн бол нэг өдрийн өмнө энэ үзүүлэлт 36 719 байжээ. Цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан нийт хүний тоо 1 сая давсан байна.
Халдварын тохиолдлын тоо нэмэгдсэн нь коронавирусний “омикрон” хувилбар тархсантай холбоотой бөгөөд уг хувилбар шинэ тохиолдлуудын 92 гаруй хувийг эзэлж байна. 285 өвчтөний биеийн байдал хүнд, маш хүнд байгаа нь өмнөх өдрийнхөөс 17-гоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Одоогийн байдлаар 168 мянга гаруй хүн амбулаториор эмчлүүлж байна.
Өнгөрсөн хоногт 21 хүн халдварын улмаас нас барж, нас барсан тохиолдлын тоо 6 943 болсон бол “омикрон” хувилбарын үед өвчний явц харьцангуй хөнгөн байгаатай холбоотойгоор нас баралтын коэффициент 0.61 хувь болж буурчээ.
БНСУ-д халдварын тохиолдлын тоо хоёр дахь долоо хоногтоо дараалан дээд үзүүлэлтэд хүрсэн байна. Халдварын тохиолдлуудын ихэнх нь Кёнги муж, Сөүл болон Инчон хотуудад бүртгэгдэж байгаа аж. Эмч нарын үзэж байгаагаар, өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо хоёрдугаар сарын эцэс гэхэд 170 мянгад хүрч болзошгүй байна.