Л.Оюун-Эрдэнийн дараагийн "фокус" нь Хөгжлийн банк боллоо

оруулсан Алсын Хараа
Хөгжлийн банкийг ёстой хөгийн болтол зээлджээ, нөгөө хэд. Нөгөө хэд гэдэг маань сүүлд улстөрч болсон бизнесийнхэн голдуу нөхөд байгаа юм. Тэд нар холионо. Ер нь тэгдэг. Бас насаараа улстөр дагасан ч хэтэвч, данс хоёр нь аясаараа түнтийж байдаг улстөрчид бий. Тэд ч бас Хөгжлийн банкны асуудалд нэр холбогджээ.
Хөгжлийн банкны чанаргүй зээл, найдваргүй зээлдэгчдийг уг нь 2019 онд Хууль зүйн яам, Сангийн яам, ЗГХЭГ, ТӨБЗГ, Монголбанкны хамтарсан ажлын хэсэг илрүүлчихсэн байдаг юм.
Тэгээд хуулийн байгуулдагад шилжүүлсэн. Тэгэхээр Хөгжлийн банкны хэргийг АТГ үндсэндээ хоёр жил шалгаж байна гэсэн үг. АТГ-ын хэвлэлийн төлөөлөгч ч Цагаан сарын өмнөхөн энэ талаар “Манайх Хөгжлийн банкийг өмнө нь шалгаж эхэлсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэсэн агуулгатай мэдээлэл өгсөн байсан. Гэхдээ Хөгжлийн банкны сая гаргаж зарласан олон чанаргүй зээлийн дийлэнх нь АТГ-ын хоёр жилийн шалгалтаас яаж ийгээд мултарчихсан бололтой.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны нэгдүгээр сарын 28-нд тэтгэвэр нэмэхээр ээлжит бусаар хуралдсан УИХ-ын чуулган дээр “Засгийн газраас авлигатай тэмцэхэд анхаарч байгаа. “Хөгжлийн банк” дээр явж байгаа өр, төлбөр болон зээл авсан хамаарал бүхий этгээдүүдийг бүгдийг нь АТГ-т өгөх шийдвэрийг гаргасан. Учир нь, бид нэг жилийн хугацаанд тэдэнд хүсэлт тавьсан. Одоо хуулийн байгууллагадаа учраа олох биз дээ гэх бодлого барьж ажиллаж байна” гэсэн юм.
Л.Оюун-Эрдэнийн хувьд Хөгжлийн банкийг ЗГХЭГ-ын дарга байхдаа ухаж эхэлсэн. Дээр дурдсан олон яам, агентлагийн нийлсэн шалгалтыг тэрээр зохион байгуулжээ.
Шалгалтын дүнг нь өөрөө 2019 оны тавдугаар сарын 22-нд нийтэд танилцуулжээ. Тэгэхдээ “ ...Чингис”, “Самурай” бондын зарцуулалттай холбоотой асуудал хоёр жилийн хугацаанд яригдсан. Яагаад хууль, хяналт шалгадаггүй байсныг би мэдэхгүй. Хариуцлагагүйн асуудал мөн үү, мөн. Нэг ам.долларыг хоёр ам.доллар болгосон асуудал биш. Би дээр дурдсан. Тухайн үед ажиллаж байсан удирдлагуудаас асууж тодруулах зүйл гарна. Мөн төслүүдийг, түүнтэй холбоотой хүмүүсийг шалгах шаардлага үүсэх байх.
Бага зөрчилтэй ААН-үүдийн нэрийг би энд зарлаагүй. Хамгийн ноцтой зөрчилтэй гэж болохуйц есөн компанийг нэрийг нь бичсэн. Зайлшгүй эргэн төлөгдөх шаардлагатай. Эдгээрийн удирдлагуудтай мөн уулзах шаардлагатай.
Хөгжлийн банкаас мөнгө аваад эргэж төлөөгүй ноцтой эрсдэлтэй компаниуд дунд Төрийн өмчийн зарим компаниуд байна. Эдгээр компаниудтай холбоотой асуудлыг хэрхэн цэгцлэх вэ гэдэг маш том ажил цаашид хийгдэнэ.
Нийгэмд анхаарал татсан асуудалд анхаарал хандуулж, мухарлаж ажиллахыг зорьж байна. Өмч хувьчлалд орсон жагсаалтыг УИХ-аас эргүүлэн татах шийдвэр гарсан. Тухайн компанийн удирдлагуудтай уулзаж хувьцаа, ногдол ашиг гэж байгаа бол түүнийг нуун дарагдуулж болохгүй гэдэг талаар ярина. Үүнийг шийдэхгүйгээр цаашид хувьчлал хийгдэх боломжгүй. Стратегийн гол хувьчлалуудаа эргэж харах шаардлагатай” гэж байв.
Харин өнөөдөр Хөгжлийн банкны зээл, түүний эргэн төлөлт, тэдгээр зээлийг авсан улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн нэрс ээлж дараалан ил болж байна.
Улмаар АТГ руу бүх чанаргүй зээлийг нь шилжүүлэхийг үүрэг болгосон байна. Ойролцоогоор 60 гаруй зээлийн асуудал яригдаж эхэллээ. Тэдгээр зээлийг гаргахад нөлөөлсөн, авсан хүмүүсийн дунд хэд хэдэн УИХ-ын гишүүн байна. Мөн Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн асан, дэд сайд асан, Тагнуулын дарга асан, Хотын дарга асан эрхмүүд, тэгээд Хөгжлийн банкны удирдлагуудын нэрс гарч ирж байна.
Түүнчлэн тэдгээр зээлийг олгосон, нөлөөлсөн, шийдвэр гаргасан Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлагууд хэд хэдээрээ АТГ-т шалгуулж эхэллээ. Харин яг тэр зээлүүдийг гаргасан, шийдсэн, мэргэжлийн баталгаа өгсөн 2016-2018 онд Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал байсан, одоо дэвшчихсэн залуу, бас 2016- 2020 онд Хөгжпийн банкны Дэд захирал бөгөөд Хяналт шалгалт, Тамгын газрын захирал байсан, одоо тэндээ дээшилчихсэн нөхөр хоёрыг АТГ-ын шалгалтаас мултарч үлдээд байгаа гэх мэдээлэл яригдаж байна.
Энэ захирлууд тухайн үед нэр бүхий компаниудын барьцаа хөрөнгийг үнэлсэн зэрэг үйл ажиллагааны явцад ноцтой зөрчлүүд гаргасан бололтой. Тэднийг маш сайн шалгах шаардлагатай гэсэн гомдол, мэдээллийг тодорхой субьектүүдээ АТГ руу илгээж буй юм байна.
Юутай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ээлжит “фокус”-т өртсөн Хөгжлийн банкны хэрэг энэ удаад нэлээд мухарлагдах бололтой. Мөн буруутнууд нь шүүхийн хаалга татах нь тодорхой боллоо.
Ерөнхий сайдын тухайд ингэж “фокус” хийсэн асуудлаа яаж ийгээд шийдчихдэг болоод байгаа. Сайн ч зууралддаг. “Эрдэнэт”-ийн 49 хувь, Оюу толгой, за тэгээд “2050” урт хугацааны хөтөлбөр, И-Монголиа гээд олон “фокус” бий. Харин өнгөрсөн зунаас авлигыг зуурч авсан.
Томоохон ажлын хэсэг гаргаж, өөрөө ахалж байгаа юм. Тэр хүрээндээ, тэрчлэн нэгэнт өмнө нь барьж аваад байсан учраас Хөгжлийн банкны чанаргүй зээлийн хэрэг лав энэ жилдээ багтаж нэг тийш болох бололтой.
Б.ТУЛГАТ

Сэтгэгдэл бичих