/The Guardian/. Шинэ Зеландад өдөрт илрэх “COVID-19” халдварын шинэ тохиолдлын тоо урьд бүртгэгдэж байгаагүйгээр нэмэгдэх болоод байгаа энэ үед “омикрон” хувилбарын давлагаа ирэх гуравдугаар сарын сүүлээр оргил үедээ хүрэх төлөвтэй байгаа талаар тус улсын Ерөнхий сайд Жасинда Ардерн мэдээлжээ.
Сүүлийн өдрүүдэд улсын хэмжээнд өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо 200-д хүрч, улмаар өнгөрсөн бямба гарагт хамгийн олон буюу 243 хүнээс халдвар илэрсэн бол мягмар гарагт халдварын 202 тохиолдол шинээр илэрсэн байна. Ингэснээр сүүлийн долоо хоног нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн олон тохиолдол илэрсэн өдрүүдийн тоонд багтжээ.
Мягмар гарагт Ж.Ардерн “RNZ” радиод ярилцлага өгөх үеэрээ, Шинэ Зеландад халдварын тархалтын оргил үед өдөрт 10-30 мянган тохиолдол шинээр илэрч магадгүй байгааг хэлээд, энэ үзүүлэлтэд иргэдийн вакцины нэмэлт тунд хамрагдсан байдал нөлөөлнө гэдгийг онцолсон байна.
“COVID-19”-тэй тэмцэх асуудал хариуцсан сайд Крис Хипкинсийн хувьд, “Омикрон” хувилбарын тархалтаас үзэхэд ойрын өдрүүд, долоо хоногт халдварын тохиолдлын тоо үргэлжлэн нэмэгдэх төлөвтэй байна. Иймд сандарч тэвдэхгүйгээр нөхцөл байдалтай уялдуулан төлөвлөгөө гаргахыг ард иргэддээ уриалж байна гэж мэдэгджээ.
Өнөөдрийн байдлаар Шинэ Зеландын хүн амын /хүүхдүүдийг оролцуулсан/ 30 орчим хувь нь вакцины нэмэлт тунд, 83 хувь нь нэг тунд, 77 хувь нь хоёр тунд хамрагдсан байна. Түүнээс 12-оос дээш насны хүн амын 94 хувь нь хоёр тунд хамрагдаад байгаа бол Маори үндэстнүүдийн хувьд энэ үзүүлэлт 86 хувьтай байна.
Хэдийгээр хүн амын дийлэнх хувь нь вакцинд хамрагдаад байгаа ч зарим иргэн вакцинжуулалтыг, тэр дундаа ажиллах хүчний 40 орчим хувийг хамарч буй вакцинд заавал хамрагдах журмыг эсэргүүцсэн хэвээр байна. Тухайлбал, мягмар гарагт вакциныг эсэргүүцэгчид парламентын ордон руу жагсаж, түүнийгээ Канадын Оттава хотод онц байдал зарлахад хүргэсэн ачааны тэрэгний жолооч нарын “Эрх чөлөөний цуваа” жагсаалын нэрээр нэрлэжээ.
Цагдаа нар жагсаал цуглаан нийслэл Веллингтон хотын чиглэлүүдийн замын хөдөлгөөнийг саатуулж магадгүй талаар мэдээлсэн байна. Харин Ж.Ардерны хувьд жагсагчидтай уулзахгүй гэдгээ мэдэгджээ.