“Бээжин-2022” өвлийн олимпын гүйлтийн цанын спринт зайн уралдаан өнөөдөр Жанчхүүгийн гүйлтийн цанын төвд өрнөж, зай тус бүрд шилдэг 30 тамирчдыг тодруулна.
Эмэгтэйчүүдийн спринт /1.5км/ зайн урьдчилсан уралдаан 16 цагт эхлэх бөгөөд нийт 34 улсын 91 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлээд байна. ОУХМ А.Энхтуул 91 тамирчны 84 дүгээрт буюу 16:21 цагт гараанаас гарна. Урьдчилсан шатанд тамирчид 15 секундын зайтай ар араасаа гарах бөгөөд хамгийн сайн үзүүлэлттэй 30 тамирчин дараагийн шигшээ уралдаанд шалгарах болно.
Эрэгтэйчүүдийн спринт /1.5км/ зайн урьдчилсан уралдаанд нийт 44 улсын 90 тамирчин хурд, хүчээ сорихоор болжээ. Эхний тамирчин 16:45 цагт гараанаас гарах бол Монголын гүйлтийн цанын тамирчин ОУХМ Б.Ачбадрах 90 тамирчны 83 дугаарт буюу 17:05 цагт уралдаанаа эхлэх хуваарьтай. Эрэгтэйчүүдийн төрөлд мөн адил эхний 30 тамирчин дараагийн шатанд шалгарч, тэмцээнээ үргэлжлүүлэх юм.
Хоёрдугаар шатанд тунан үлдсэн 30 тамирчин таван хэсэгт хуваарилагдан өрсөлдөх бөгөөд хамгийн шилдэг үзүүлэлттэй 12 тамирчин хагас шигшээд шалгарах учиртай. Улмаар шилдэг зургаа нь финалд үлдэж, цааш медалийн төлөө уралдах юм.
Манай тамирчид өмнө нь зөвхөн 10 болон 15 км-т уралддаг байсан бол энэ удаад эрхийн тэмцээнд сайн оролцсоны хүчинд спринт зайд уралдах эрхээ аваад байгаа билээ.