Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрлээ хэмээн ХӨСҮТ-ээс өнөөдөр мэдээллээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, “Энэ сарын 16-ны онгоцоор ирсэн нэг иргэнээс өчигдөр коронавирус илэрлээ. Энэ бол онгоцоор зохион байгуулалттай ирсэн учир ойрын хавьтлыг судлахад хялбар байна. Мөн наашаа ирэхээс өмнө гадаадаас ирсэн иргэний коронавирусний шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарлаа. Энэ иргэн нь Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн. Бид Төв лабораторийн шинжилгээг хүлээлгүйгээр хүнээ яаралтай оношилж, илрүүлэх зорилгоор түргэвчилсэн оношлуурыг ашиглаж эхлээд байгаа. Төв лабораторид мөн шинжилгээ хийж байгаа. Үдээс хойш баталгаажуулна. Гуравдугаар сарын 16-нд тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн 17-нд ХӨСҮТ-д нэг, Говь-Алтай аймагт нэг, Сэлэнгэ аймагт хоёр нийт 4 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ тандалт судалгаа хийж байна. Шинжилгээний сорьцыг Улаанбаатар руу авчирч байна. Франц иргэний биеийн байдал тогтвортой, сэтгэл санааны хувьд сайн байна. Мөн халдвар илэрсэн нэг хүний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хэвийн байна” гэсэн мэдээлэл өглөө. Улаанбаатар /МОНЦАМЭ/