Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан, БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Нин Жыжөтэй өнөөдөр уулзав.
Энэхүү уулзалтыг хоёр улсын Ерөнхий сайд нарын албан ёсны уулзалтын мөрөөр шуурхай зохион байгуулсан бөгөөд уулзалтад Элчин сайд Т.Бадрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар байлцав.
Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хоёр улсын хэрэгжүүлэх боломжтой дэд бүтцийн томоохон төслүүд, тухайлбал, Алтанбулаг-Замын-Үүдийн хурдны автозам болон хос урсгалтай төмөр зам барих, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтыг төмөр замаар холбох талаар санал солилцлоо. Мөн Гашуунсухайт боомтоор одоо гарч буй нүүрс тээвэрлэлтийн хэмжээг нэмэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах зорилгоор тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, Улаанбаатар хотыг тойрсон тойрог хурдны зам барих зэрэг Монголын талаас тэргүүлэх ач холбогдол өгч буй төслүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.
БНХАУ-ын ХШХ-ны дэд дарга Нин Жыжө Монголын талаас дэвшүүлж буй төслүүд нь Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах, Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны хүрээ болон “Бүс ба Зам” санаачилгатай тус тус уялдаж байгааг тэмдэглээд, дээрх төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжийг судалж, дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн энэ уулзалтын мөрөөр дээрх асуудлуудаар дахин бэлтгэл ажлыг хангаж, холбогдох байгууллагууд хооронд энэ сарын дундуур дахин уулзалт хийж, төслүүдийг урагшлуулахаар тохиролцлоо.