БНСУ-д халдварын тохиолдлын тоо гурван өдөр дараалан 35 мянга давжээ

оруулсан Алсын Хараа

Yonhap/. БНСУ-д амралтын өдрүүдэд “COVID-19”-ийн цөөн шинжилгээ хийдгийг үл харгалзан сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 35286 тохиолдол шинээр илэрчээ. Ингэснээр халдварлах чадвар өндөр “омикрон” хувилбарын тархалтын улмаас халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн гурван хоног дараалан 35 мянга давж байна.

Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлуудын 35131 нь дотоодод халдварласан бөгөөд ингэснээр ийм тохиолдлын нийт тоо 1 044 963-т хүрчээ. БНСУ-д “COVID-19” халдварын анхны тохиолдол илэрснээс хоёр жилийн дараа халдварын нийт тохиолдлын тоо бямба гарагт нэг сая давжээ.

Улсын хэмжээнд амралтын өдрүүдээр цөөн шинжилгээ хийдэгтэй холбоотойгоор даваа гарагт халдварын тохиолдлын тоо буурдаг ч “омикрон” хувилбарын тархалт энэ байдлыг өөрчилж байгаа бололтой байна. Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн мэдээлснээр, энэ сарын эцэс гэхэд өдөрт 130-170 мянган хүнээс халдвар илэрч болзошгүй байна.

БНСУ-д өдөрт бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлын тоо нэгдүгээр сарын 26-нд анх 10 мянга давж, улмаар энэ сарын эхээр 20 мянгад хүрснээсээ хойш гурван хоногийн дараа буюу бямба гарагт 30 мянга давжээ. Харин халдвараар нас барсан тохиолдлын тоо сүүлийн хоногт 13-аар нэмэгдэж, 6886-д хүрсэн нь халдварын нийт тохиолдлын 0.66 хувьтай тэнцэж байна.

Мөн “COVID-19”-өөр халдварласан хүнд өвчтөнүүдийн тоо 270 байгаа нь өмнөх өдрийнхөөс хоёроор буурсан байна. Энэ үзүүлэлтийн хувьд сүүлийн 10 хоног дараалан 200 даваад байгаа юм. Мэргэжилтнүүдийн хэлснээр, “омикрон” хувилбар нь өмнөх “дельта” хувилбараас хоёр дахин хурдан халдварладаг ч хүндээр өвчлүүлэх эрсдэл нь бага байна.

Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээр, “COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчлэх эрчимт эмчилгээний тасгийн орны 18.2 хувь нь дүүрээд байгаа бол гэртээ эмчлүүлж буй хүний тоо өмнөх өдрийнхөөс 17729-өөр нэмэгдэж, 146 445-д хүрсэн байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд дотоодод халдварласан тохиолдлуудын 9780 нь нийслэл Сөүл хоттой зэргэлдээ оршдог Гёнги мужид, 6873 нь Сөүлд, 2366 нь Инчеон хотод илэрчээ.

Сэтгэгдэл бичих