Парисын Их дуулгаас Монгол жүдочид алт, мөнгө, хүрэл медаль хүртээд байна

оруулсан Алсын Хараа

Парисын Их дуулгын тэмцээний эхний өдөр /2022.02.05/ Монголын жудочид 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж энэ удаагийн тэмцээнээ амжилттай эхлүүллээ.

Энэ өдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг, эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг жингийн барилдаанууд болж шилдгүүдээ шалгаруулсан юм. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү аваргын төлөөх барилдааны нэмэлт цагт БНСУ-ын жүдоч Ан Баулыг цэвэр ялж алтан медаль хүртэж Парисын Их дуулгын аварга боллоо.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д залуу тамирчин ОУХМ Бавуудоржийн Баасанхүү мөнгөн медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 73 кг-д жүдоч Цэнд-Очирын Цогтбаатар Узбекистаны бөхийг ялж хүрэл медаль хүртсэн.

Парисын Их дуулга тэмцээний 73 кг-ын жингийн медаль хүртсэн тамирчдад домогт теннисчин Ион Тириак, Франц Улсад суугаа Монгол Улсын Элчин сайд У.Нямхүү нар медаль, дурсгалын зүйлийг нь гардуулсан байна. Энэ жинд манай жүдоч Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртсэн юм

Ташрамд дуулгахад, “Парис Их дуулга 2022” тэмцээнд 52 улсын 285 /эрэгтэй 154, эмэгтэй 131/ жүдоч хүч ур чадвараа сорин барилдахаар Парис хотноо хүрэлцэн иржээ.

Сэтгэгдэл бичих