Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийлээ

оруулсан Алсын Хараа

БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцааг эрчимжүүлэх болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрлээ.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд цар тахлын амаргүй нөхцөлд Бээжингийн өвлийн Олимпыг амжилттай зохион байгуулж буй БНХАУ-ын Засгийн газар, Хятадын ард түмэнд баяр хүргэв.

Хоёр улсын Ерөнхий сайд нар Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх, тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх нь хоёр талын хөгжлийн эрх ашигт харилцан нийцнэ гэдэгт санал нэгдлээ.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах болон ногоон хөгжлийн чиглэлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоог хангахаар тохиролцлоо. Мөн хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр нягт хамтран ажиллах санал дэвшүүлэв.

Айлчлалын үеэр Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 гаруй хувийг дангаараа эзэлдэг Гашуунсухайт боомтыг Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсоноор 14 жил гаруй хугацаанд гацсан Гашуунсухайтын төмөр замын өргөн нарийн царигийн маргаан эцэслэгдэж, нүүрсний экспорт гацаанаас гарлаа.

Мөн эдгээр боомт болон Ганшуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг шуурхай эхлүүлж, богино хугацаанд ашиглалтад оруулахад Монгол Улсын Засгийн газраас анхаарч буйг мэдэгдэв.

Түүнчлэн “Монголбанк, Хятадын Ардын Банк хооронд байгуулсан Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ”-ний хугацааг цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг хэвийн байдалд ортол буюу 2026 он хүртэл гурван жилээр сунгах талаар ярилцлаа.

ОХУ, БНХАУ болон Европын Холбоо, БНХАУ-ын худалдааны эргэлт дээд хэмжээнд хүрч байгаа цаг үед БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгад дэвшүүлсэн Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх хүрээнд олон жилийн хугацаанд яригдсан Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн 987 километр хурдны зам барих төслийг эрчимжүүлэх талаар санал солилцов.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд БНХАУ-ын дэвшилтэт технологид тулгуурласан тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, хурдны тойрог замын сүлжээ байгуулах зэрэг төслүүдэд хамтран ажиллахаар зөвшилцлөө.

Ерөнхий сайд нар ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу тавих хийн хоолойн төслийн ТЭЗҮ батлагдсан тул тус төслийн ажлыг эрчимжүүлэхээр харилцан тохиролцлоо.

Сэтгэгдэл бичих