Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бээжин-2022” өвлийн олимпын нээлтэд оролцов

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болж буй өвлийн XXIV олимпын нээлтийн ажиллагаанд оролцов. Энэхүү арга хэмжээнд нийт 32 улсын төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлага оролцож буй юм.

БНХАУ-ын нийслэл Бээжин хот нь өвөл, зуны олимпыг зохион байгуулсан анхны хот болж байна. Биатлон, уран гулгалт, бобслей, кёрлинг, хоккей, чарга, тэшүүр, цана зэрэг үндсэн долоон спортын 15 төрөлд 109 багц медалийн төлөө 3000 гаруй тамирчин өрсөлдөнө.

Монгол Улс 1964 оны өвлийн олимпод анх оролцсон бөгөөд 15 дахь наадамдаа  оролцож байна. “Бээжин-2022” өвлийн олимп, паралимпын наадмын цанын төрөлд манай улсаас гурван тамиричн өрсөлдөнө. Ерөнхий сайд тамирчдадаа амжилт хүслээ. Тэрээх хэлэхдээ, "Хүн төрөлхтөн цар тахалтай тэмцэж байна. Ийм амаргүй үед Токиогийн олимпыг зохин байгуулсан Японы ард түмэнтэй Монголын ард түмэн болон Засгийн газар сэтгэл санаагаар нэг гэдгээ илэрхийлж, Монгол Улс зуны олимпид оролцсон.

Энэ удаа Монгол Улсын мөнхийн хоёр хөрш орны нэг БНХАУ өвлийн олимпыг цар тахлын нэн амаргүй цаг үед амжилттай зохион байгуулж, хүн төрөлхтөний өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж байна. Энэ хүнд үед бид саахалт айлын санаа нэг гэдэгчилэн Монголын ард түмэн, Монголын төр, засаг сэтгэл санаагаар нэг гэдгээ илэрхийлж, Бээжингийн өвлийн олимпид оролцож байна. Манай улсаас гурван тамирчин цанын төрөлд оролцож буй. Нийт монголчуудынхаа өмнөөс гурван тамирчиндаа спортын өндөр амжилт хүсэн ерөөж байна.

Маргааш ажлын уулзалтууд эхэлнэ. Ажлын уулзалтуудаар олон зүйлийг төлөвлөсөн байгаа. Амжилттай болно гэдэгт итгэлтэй байна" гэв.

Маргааш буюу 2022 оны хоёрдугаар сарын 5-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрнэ.

Сэтгэгдэл бичих