/Kyodo/. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Японд удахгүй хийх айлчлалаа Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдлын улмаас цуцалсан тухай “Kyodo” агентлаг Засгийн газрын эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Их Британийн Засгийн газрын тэргүүн хоёрдугаар сарын дундуур Японд айлчлахаар төлөвлөж байсан боловч Лондон “Украины эргэн тойронд байдал хурцадсан тул” айлчлалыг цуцалсан болохыг Токиод мэдэгдсэн байна.
Айлчлалын талаар албан ёсоор зарлаагүй ч Б.Жонсон хоёрдугаар сарын дундуур Японд айлчилж, Ерөнхий сайд Кишида Фүмиотой хэлэлцээ хийнэ гэж NHK телевиз нэгдүгээр сарын 29-нд мэдээлжээ. Талууд Хятад, Украины асуудал болон коронавирустэй тэмцэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээний талаар хэлэлцэхээр төлөвлөж байсан аж.
Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказү даваа гарагт ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, “"Их Британийн Ерөнхий сайдын Японд хийх айлчлалыг одоогоор хэлэлцэж байна гэх мэдээлэл нь худал мэдээлэл" гэж мэдэгджээ.