Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 2022 оныг “Хотын иргэний жил” болгон зарлахыг дэмжив.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн чиглэл, нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө, бусад баримт бичиг, стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр энэ оныг “Хотын иргэний жил” болгон зарлах санал гаргажээ. Улаанбаатар хот энэ онд иргэдэд боловсрол олгох, соёлыг төлөвшүүлэх, орлого нэмэх, амьдрах орчныг сайжруулах, эрүүл мэндийг анхаарах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллах юм.
Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж энэ үеэр, “Хотын иргэний мэдлэг боловсрол”, “Хотын иргэний соёл”, “Хотын иргэний орлого”, “Хотын иргэний орчин”, “Хотын иргэний эрүүл мэнд”, “Хотын иргэний аюулгүй байдал” зорилт дэвшүүлсэн. Ингэхдээ 2 сар тутамд нэг зорилтыг хэрэгжүүлнэ. Эхний 2 сард “Хотын иргэний мэдлэг боловсрол” зорилтыг хэрэгжүүлэхдээ хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох, төрийн үйлчилгээний шинэчлэлийн чиглэлээр төрийн албан хаагчдын соёлтой харилцааг хэвшүүлэх, төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх зарим үйл ажиллагаа зохион байгуулна. Мөн шаардлагатай байршилд сургууль, цэцэрлэгийн тоо, хүртээмжийг нэмэн, менежментийг шинэчлэн сайжруулах тухай танилцуулав.
Харин 3, 4 дүгээр сарыг иргэний соёлын сар болгон зарлаж, автобусны буудлыг тохижуулан, тоог нэмэх, авто зогсоолын менежментийг сайжруулна. Нийслэлд 1081 нийтийн тээврийн зогсоол байгаа бөгөөд иргэдийн 51 хувь нь автобусаар зорчдог аж. Автобусны зогсоолыг стандартын дагуу шинэчлэн, авто зогсоолын нэгдсэн систем бий болгож, стандарт хангасан төрөлжсөн авто зогсоолын тоог нэмэхээр судалж байгаа аж.
Мөн 5, 6 дугаар сард хотын иргэний орлогыг дэмжих хүрээнд гудамж, зам, талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх боломжийг хангаж, иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх амралт зугаалгын орчныг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Нийслэлийн 9 дүүргийн 31 байршилд 12.211 ам метр талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх боломж бүрдүүлэх юм. Нийтийн эдэлбэр гудамж, зам, талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх орчин нөхцөл бий болгосноор хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, иргэний орлогыг нэмэхэд дэмжлэг болно гэж үзжээ.
Хоёр сар тутамд тодорхой зорилт дэвшүүлэн, зорилтот үйл ажиллагааг зохион байгуулахаа танилцууллаа. Зөвлөлийн хурлын гишүүд дээрх зорилтуудад нэг бүрчлэн анхаарч, гэр хорооллын бүсийг орхихгүй байх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулан хамтран ажиллах, зорилтот жилийг ирэх онуудад улам сайжруулан, үргэлжлүүлэх саналтайгаа илэрхийлжээ. Ингэснээр 2022 оныг “Хотын иргэний жил” болгон зарлахыг зөвлөлийн гишүүд дэмжсэн юм.