Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ сав газрын болон хамгаалалтын захиргаад, ойн ангиудад авто машин гардуулав.
Сав газрын хийгээд хамгаалалтын захиргаад, ойн ангиудад ажиллаж буй албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэхэд дэвшилтэт техник технологи бүхий тоног төхөөрөмжөөс гадна туулах чадвар сайтай автомашин хэрэгцээтэй байдаг. Иймд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны санхүүжилтээр, ОХУ-д үйлдвэрлэсэн, Монгол орны газар нутагт тохирсон УАЗ Фургон маркийн 19 ширхэг авто машиныг ийнхүү хүлээлгэн өгчээ.
Мөн аймгуудын БОАЖ-ын ойн алба, ойн анги, Дархан цаазат газар, Байгалийн цогцолборт газар, улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадад 16 ширхэг ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зориулалттай УАЗ-Фермер маркийн авто машиныг өглөө. Үүнийг Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ОХУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар олгож байгаа аж.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ энэ үеэр хэлсэн үгэндээ “Цаашид БОАЖЯ, ОББҮХ, ОБЗГ-аас холбогдох захиргаадын үйл ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдыг чадавхжуулах, ажиллах нөхцөлийг сайжруулах, шаардлагатай техник хэрэгслээр хангахад анхаарна” гэдгийг онцолжээ.
БОАЖЯ-нд харьяалагддаг Сав газрын захиргаад нь тухайн нутаг дахь сав газарт усны нөөцийн хомсдол, бохирдолоос хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, салбар дундын зохицуулалтыг хангах, усны тоо бүртгэлийг жил бүр хийх, ус ашиглалтын байдлыг хянах үүрэгтэй. Мөн гол мөрөн, нуур усны эх үүсвэр, газрын доорх цэнгэг усны орд газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулах, ус ашиглах, хаягдал усны дүгнэлт гаргах, гэрээ байгуулж зөвшөөрөл олгох, гэрээний биелэлтийг хянах зэрэг хуулиар олгосон эрх, үүргийг хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг.