“Бээжин-2022” өвлийн олимпод оролцох тамирчдад олимпын наадмын нээлт болон тэмцээн уралдааны үеэр өмсөх хувцас, хэрэглэлийг Монголын багийн ахлагч Ц.Сандуй өнөөдөр гардуулан өглөө. Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас цанын төрөлд ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул/эмэгтэй/ нар улсаа төлөөлөн оролцох эрх аваад байгаа юм.
Цаначид “Скай Ресорт”-т бэлтгэлээ базааж буй бөгөөд халдвар хамгааллын дэглэм баримтлах үүднээс хувцас гардуулан өгөх ёслолыг цомхон хүрээнд зохион байгуулав. Олимпод оролцох Монголын багийн хувцсыг үндэсний үйлдвэрлэгч Michel & Amazonka компани урласан юм. Монголын олимпын баг ирэх даваа гарагт Бээжинг зорино.
Ташрамд дуулгахад, Монголын цанын шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Ачбадрах 4 жилийн өмнө БНСУ-д болсон “Пёнчан-2018” өвлийн олимпын XXIII наадамд өрсөлдөж байсан туршлагатай билээ.
“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын цанын төрөлд уралдах Монголын багийн тамирчин ОУХМ Ариунсанаагийн Энхтуулын хувьд 1996 оны 01 сарын 14-нд төрсөн. Тэрбээр Васалофит олон улсын марафон уралдаанаас 2015, 2016 онд мөнгөн медаль, Максимаха спринт зайн уралдааны шагнал 4 дүгээр байр, “Алмата-2017” дэлхийн залуучуудын Универсиад наадамд 4 дүгээр байр, Финландын Лахти хотод болсон насанд хүрэгчдийн “Б” зэрэглэлийн ДАШТ-ий 5 км-ийн зайд 4 дүгээр байр эзэлсэн амжилт үзүүлжээ.
“Бээжин-2022” өвлийн олимпын наадамд оролцох эрх авахдаа 2021 оны ДАШТ-ий 5 км-ын зайд 13 дугаар байр эзэлж, 2021 оны ДАШТ-ний тэших техникийн 10 км зайд 29,20.6 цагийн амжилт үзүүлсэн юм байна.