Хий дамжуулах хоолойн ажилчдын 50 хувийг Монголоос бүрдүүлнэ

оруулсан Алсын Хараа

ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу тавих байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг эцэслэн батлаад байна. Энэ талаар төсөлд оролцогч талын нэг “Газпровод Союз Восток” компанийн гүйцэтгэх захирал Е.Асееваас тодруулав. Тэрээр, Монгол Улс, ОХУ-ын хооронд уг ТЭЗҮ-ийг эцэслэн батлах гарын үсэг зураг ёслолд оролцсон юм.

“Энэхүү төсөл нь манай хоёр орны хувьд их чухал ач холбогдолтой. Хоёр тал өнөөдөр төслийн протоколд гарын үсэг зурснаар ТЭЗҮ-ийг албан ёсоор баталгаажуулан эцэслэн баталж, төслийн эхний шатны ажлаа дуусгалаа. Ингэснээр ТЭЗҮ-ээ хэрэгжүүлэх дараагийн шатны бодит ажилдаа шилжиж байна. Тодруулбал, энэ жил эхлүүлэхээр төлөвлөөд буй инженер-техникийн судалгаа шинжилгээний ажилдаа орох боломжтой боллоо” гэдгийг онцоллоо.

Төслийн барилга угсралт, материал нийлүүлэхэд Монголын компаниуд оролцох боломжтойг мөн тодотгов. Ингэхдээ төслийн нийт ажиллах хүчний 50 хувийг Монгол Улсаас буюу дотоодоос хангана гэдгийг мэдэгдлээ. Эхний ээлжинд нарийн технологи бүхий хийн хоолойн угсралт барилгын ажилд 12 мянган хүн оролцохоор төлөвлөснөөс 20 хувийг монголчуудаас буюу Монголын компаниудаас бүрдүүлнэ. Цаашдаа бүтээн байгуулалтын үйл ажиллагаа өргөжөөд бүрэн хүчин чадлаар ажиллаж эхлэхээр дээр дурдсанаар нийт ажиллах хүчний 50 хувийг Монголоос оролцуулна. Үүнтэй холбоотойгоор Монголын ажиллах хүчийг бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг тодотгож байв.

Тэрээр хий дамжуулах хоолойн төслийн талаар гуравдагч оролцогч БНХАУ-ын талтай хуваарийн дагуу уулзаж ярилцан хэлэлцээр хийж буйг мэдээлэв. ОХУ-ын “Газпром” НХН (Нээлттэй хувьцаат нийгэмлэг) БНХАУ-ын үндэсний нефть, газрын тос, хийн компанитай хамтран ажиллаж буйг хэллээ.

Хийн хоолойн барилга угсралтад Монголын компаниуд барилгын материал нийлүүлнэ. Мөн угсралтын ажилд оролцох бүрэн боломжтой.

Димитрий Горн: Бид Монгол Улсын Ерөнхийлөгчөөс зөвхөн хийн хоолой төдийгүй

өргөн хүрээнд ярилцлага авна

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу тавьж буй байгалийн хийн хоолой нь ОХУ-ын хувьд хоёр дахь том төсөл аж. Тиймээс Оросын тал энэхүү төсөлд ихээхэн ач холбогдол өгөн ТЭЗҮ-ийг баталсан үйл ажиллагааг сурвалжилахаар Монголд ОХУ-ын хэвлэл мэдээллийн олон төлөөлөл хүрэлцэн ирээд байна.

Тодруулбал, ОХУ-ын телевизийн “Россия 24 суваг” дээрх үйл ажиллагааг шууд дамжуулахаас гадна хийн хоолой дамжуулах төсөлд ихээхэн ач холбогдол өгөн санаачилж ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй энэ талаар ярилцлага хийж, хийн хоолой дайран өнгөрөх манай улсын аймаг, орон нутагт сурвалжилга бэлтгэхээр төлөвлөснөө тус телевизийн сэтгүүлч Димитрий Горн тодотгож байв. Энэ талаар түүнээс тодруулбал, “Бид Монголд өчигдөр өглөө ирсэн. Ажил их болохоор шууд ажилдаа орсон. Энэ бол манай улсын хувьд их том төсөл. Ялгаагүй Монгол, Хятад улсын хувьд ч тэр их ач холбогдол өгч буйг харж байна. Энэ төсөл хэрэгжсэнээр манай хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэж байна.

Бид танай улсын Ерөнхийлөгчтэй уулзаж яриа авна. Энд зөвхөн хийн хоолойноос гадна хоёр орны хамтын ажиллагаа, Эдийн засгийн коридорын гээд өргөн хүрээнд ярилцаж, олон асуудлыг хөндөхийг бодож байна. Хийн хоолойн төсөл маш том бүтээн байгуулалт болохоор танай улсад хийх сурвалжилгадаа тэр хэмжээгээр олон зүйлийг тусгах шаардлага аяндаа үүсэж байна” гэв.

Сэтгэгдэл бичих