Ачаа бараа татан авсан чингэлгүүдийг Эрээн рүү буцааж эхэллээ

оруулсан Алсын Хараа

Замын-Үүд боомтын гаалийн хяналтын бүсэд бөөгнөрөөд байгаа хоосорсон чингэлгүүдийг БНХАУ-ын хилийн Эрээн боомт руу буцааж эхэллээ. Энэ талаар Хятадын талд санал тавьснаар ийнхүү буцаан тээвэрлэж, хилийн тэг цэгт хүлээлгэж байна.

Энэ ажлыг энэ 7 хоногт шат дараатай эхэлж буйг Шадар сайдын зөвлөх Ц.Мөнхбаатар мэдээллээ. Хоосон чингэлгүүдийг ачаа бараа хүлээн авч буй ажлын цагтай уялдуулан 18.00 цагаас буцаан тээвэрлэж байна. Ингэхдээ чингэлгүүдээс дээж аван шинжилж байгааг тэрээр мэдээллээ. Нэг ёсондоо чингэлгээр ачаа бараа татан авах болон хоосорсон чингэлгүүдийг БНХАУ-ын талд буцаан хүлээлгэн өгөхөд хоёр тал аль аль талдаа халдвар хамгааллын дэглэмийг сахин үүрэг хариуцлага хүлээж, энэ талаар Хятадын холбогдох байгууллага, талтай өдөр бүр байнга мэдээлэл солилцон ажиллаж буйг ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ тодотгов. Ачаа барааны чингэлгүүдийг хилээр орж ирэх болон хоосорсон чингэлгүүдийг буцаахад хилийн тэг цэг дээр болон Бүс нутгийн логистикийн төв дээр ариутган халдваргүйжүүлж байна. Өнөөдрийн байдлаар улсын хилээр 770 чингэлэг бараа бүтээгдэхүүнийг оруулж ирэн татан аваад байна.

Сэтгэгдэл бичих