Замын-Үүд-Эрээний боомтоор нэвтрүүлж буй ачааны үнэ мкв тутамд 1800-2000 юань байсан бол энэ 7 хоногт 1600-1800 юань болон буураад буйг Шадар сайдын зөвлөх Ц.Мөнхбаатар өнөөдөр мэдээллээ. Мөн өнгөрсөн пүрэв гарагт Замын-Үүд дэх бүс нутгийн логистикийн төвд гаалийн бүрдүүлэлт хийхээр буулгасан чингэлэг ачааны хураамжийг Шадар сайдын саналаар цуцалсан. Ингэснээр ачаа, барааны үнийг буурах нөхцөл бүрджээ. Тэрээр, “Шадар сайдын зүгээс болон ЗТХЯ, ГХЯ-наас БНХАУ-ын талд олон удаа санал тавьсны дүнд автозамын боомтоор гарч байгаа чингэлгийн тоо болон дарааллыг ил тод болгон цахим хэлбэрт шилжүүлсэн. Ингэснээр үнэ хөөрөгдөх, дараалал алдагдах зөрчлийг арилгах юм” гэв.
Хилээр нэвтэрсэн чингэлэгтэй ачааг бүс нутгийн логистикийн төвд гаалийн бүрдүүлэлт хийсний дараа хүлээлгийн талбайд буулгаж, ачаа хүлээн авагчид хүлээлгэн өгч байна. Тээвэр зохион байгуулалтын хувьд 08.00-13.00 цагийн хооронд Хятадын тал хилийн шугам дээрх бэлтгэсэн талбайд ачаатай чингэлгийг буулгаж байна. Үүний дараа 13.30-18.00 цагийн хооронд манай тал ачаатай чингэлгийг хилийн шугам дээрх талбайгаас авч, Замын-Үүдийн бүс нутгийн логистикийн төвд буулгаж байгааг Хилийн Ажлын хэсгээс өнөөдөр мэдээллээ.
Ачаа хүлээн авагч нар өөрсдийн тээврийн хэрэгслээр Замын-Үүдийн логистикийн төвөөс ачаагаа татан авах боломжтой.
БНХАУ-ын талтай чингэлэг тээврийн ерөнхий зохион байгуулалтыг УБТЗ ХНН-ийн Олон улсын тээвэр зуучлалын холбоо хариуцаж байна. Тээврийн үнэ тарифын хувьд улсын хилийн шугамаас бүс нутгийн логистикийн төв хүртэлх 14.8 км зайд хийж буй тээвэрлэлтэд Засгийн газрын зүгээс тодорхой зохицуулалт хийж байгаа бол гаалийн хяналт шалгалт хийсэн чингэлгийг Замын-Үүд сумаас автомашинаар дунджаар 3-3.5 сая төгрөгөөр тээвэрлэж байна.
Харин төмөр замаар 40 футын нэг чингэлгийг 2.5 сая орчим төгрөгөөр тээвэрлэж байна. Ачаа хүлээн авагч нар өөрсдийн тээврийн хэрэгслээр Замын-Үүдийн логистикийн төвөөс ачаагаа татан авах боломжтой. Тээврийн үнийг бууруулах үүднээс Шадар сайдаас өгсөн үүргийн дагуу Бүс нутгийн логистикийн төвд ачаанаас суларсан хоосон чингэлгийг шилжүүлэн ачих, хадгалах үйлчилгээний төлбөрийг түр хугацаанд чөлөөлөөд буйг өнөөдөр мэдээллээ.