Монголын эдийн засагт урт хугацаанд жинтэй хувь нэмэр оруулах хоёр төсөлтэй холбоотой үйл явдал өнөөдөр Монгол Улсад болно.
1. Оюу толгойн гүнийн уурхайн олборлолтын шанг татах буюу гүнийн уурхайн огтлох малтлагыг албан ёсоор эхлүүлэх үйл ажиллагаа өнөөдөр өмнийн говьд болно. Ур арга хэмжээнд Монголын талаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Оюу толгойн хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар, Рио Тинто болон Туркойз Хилл Ресурс компанийн удирдлага болон бусад албаны хүмүүс оролцож, зарим техникийн баримт бичигт гарын үсэг зурах юм байна.
Оюу толгойн ТУЗ өнөө өглөө хуралдаж, санал нэгтэйгээр гүнийн уурхайн огтлох түвшний малтлагыг эхлүүлэхийг шийдвэрийг гаргасан байна. Мөн Монголын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Оюу толгойд эрчим хүч нийлүүлэх гэрээг Монголын Засгийн газартай байгуулахаар болжээ.
Гүнийн уурхайн огтлох малтлагыг эхлүүлнэ гэдэг нь 1300 метрийн гүн дэх хүдрийн биетийг тэсэлж, олборлолтын түвшин рүү чулуулгийн өөрийнх нь хүндийн хүчээр буух үйл явцыг эхлүүлэх суурийг хэлж байгаа билээ. Оюу толгойн мэргэжилтнүүд огтлох малтлага эхэлснээс найман сарын дараа анхны хүдрээ буулгаж авах боломж бүрдэнэ тооцож байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2022 оны гуравдугаар улирлын сүүл, дөрөвдүгээр улирлын эхээр гүнийн уурхайгаас анхны хүдрээ олборлох боломж бүрдэх ажээ.
Оюу толгойн ордын нийт баялгийн 80 гаруй хувь нь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь 1300 метрийн гүнд бий. Ил уурхайгаас жилд дунджаар 700 мянган тонн баяжмал экспортолж, тэрбум ам.долларын орлого олж байгаа бол гүний уурхай ашиглалтад орсноор хэмжээ гурван дахин өснө. Энэ хэрээр Монгол Улсад төлөх татвар хураамж нэмэгдэж, ДНБ үлэмж өсөх хүлээлт байгаа юм.
Түүнчлэн, хөрөнгө оруулагчид Оюу толгойн гүнийн уурхайн огтлох малтлагыг эхлүүлэх шийдвэрийг гаргасан нь гадаад хөрөнгө оруулагчдад эерэг мессеж болох магадлалтай. Оюу толгой төсөл урт хугацаанд үргэлжилж, Монголын эдийн засаг тэлэх боломж нээгдэнэ. Нэгэнт эхлүүлсэн огтлох малтлагыг зогсооход асар өндөр зардал гарах учраас хөрөнгө оруулагчид бүх түвшиндээ ойлголцол, тохиролцоонд хүрч энэхүү шийдвэрийг гаргасан бололтой.
2. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулж, ОХУ-аас БНХАУ-ыг холбон байгуулах хийн хоолойн төслийн Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ эцэслэн бэлэн болжээ. Тэгвэл төслийн гүйцэтгэгч ОХУ-ын “Газпром” компани Монголын Засгийн газартай ТЭЗҮ батлан, гарын үсэг зурах ажиллагаа өнөөдөр болно.
ОХУ-аас БНХАУ-ыг холбон байгуулах хийн хоолойг Монгол Улсын газар нутгаар дамжуулснаар нь манай улс хамгийн багадаа жилдээ тэрбум ам.долларын татвар хураамжийн орлого олох урьдчилсан тооцоо бий.
Эргэн сануулахад, Монгол Улсын Засгийн газар 2019 оны арванхоёрдугаар сард ОХУ-ын төрийн өмчит “Газпром” компанитай байгалийн хий дамжуулах хоолой барих харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Улмаар 2021 оны гуравдугаар сарын 11-нд хамтарсан ажлын хэсгийн 2021–2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Мөн 2021 оны эхээр уг төслийн зураг төсөл, судалгааны ажил, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах зорилгоор “Газопровод Союз Восток” компанийг Монгол Улсад байгуулсан билээ.
Эх сурвалж: ITOIM.MN