Асгатын ордод нарийвчилсан хайгуул хийхийг Засгийн газарт үүрэг болгов

оруулсан Алсын Хараа

УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол батлав.

Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар Засгийн газар, холбогдох байгууллагад чиглэл өгөх байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын багийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Т.Аубакир  хийв.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байдаг Асгатын мөнгөний орд нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаардаг бөгөөд 1986 оноос Асгатын мөнгөний ордын хэмжээнд явуулсан төрөл бүрийн геологи судалгааны ажлууд хийгдэж, сүүлийн хайгуулын ажил 1991 оноор дуусгавар болсон. Тус ордын нөөцийг хараахан бүрэн тогтоож амжилгүйгээр хайгуулын ажил зогссон гэдгийг Ажлын багийн ахлагч танилцуулгадаа дурдлаа. Ажлын баг нь тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг эрчимжүүлэхтэй холбоотойгоор Баян-Өлгий удирдлагууд болон холбогдох яамдын болон энэ талын мэргэжлийн хүмүүстэй удаа дараа уулзалт хийж, санал бодлыг нь сонссон гэв.

Стратегийн ач холбогдол бүхий томоохон орд болох Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зайлшгүй шаардлагатай бөгөөд үүний тулд тус ордод нэмэлт хайгуулын ажлыг гүйцэтгэн нөөцийг бүрэн тогтоох, нэмж хайгуул хийх ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн 2022 оны эхний хагас жилд багтаан зарлахыг Засгийн газарт чиглэл болгохоор тогтоолд тусгажээ. Мөн тус ордын нарийвчилсан хайгуулыг бүс нутгийн хэмжээнд гүйцэтгэж, нөөцийг шинэчлэн тогтоох ажлыг 2024 онд багтаан хийх чиглэлийг Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэснийг Ажлын багийн ахлагч Т.Аубакир танилцуулгадаа онцолсон.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Ц.Туваан, Ж.Батжаргал, Б.Чойжилсүрэн нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Н.Наранбаатар нар тогтоолын төсөлд “Асгатын мөнгөний ордод нарийвчилсан хайгуулын ажил гүйцтэтгэх болон ТЭЗҮ боловсруулах хөрөнгийн эх үүсвэрийг “Эрдэнэс Монгол” ХХК хариуцан ажиллах” гэсэн саналыг нэмж тусгах шаардлагатай гэснийг гишүүдийн олонх дэмжлээ. Гишүүдээс гаргасан саналыг нэмж тусган Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүд 100  хувийн саналаар дэмжлээ.

Сэтгэгдэл бичих