Японы мэргэжлийн сумо бөхийн 73 дахь Их аварга /Ёкозүна/ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Токио хотноо өнөөдөр өндөрлөж байгаа Хацү башёгийн 15 дахь өдрийн барилдаанд 2-хон унаатай байгаа Сэкивакe Митакэүмитэй барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар 11 даваа 4 унаатай энэ башёг өндөрлүүлэв.
Ийнхүү Сэкивакe Митакэүми 13 даваа 2 унаатай 2022 оны эхний Хацү башёд түрүүлж Японы Эзэн хааны цомын эзэн болж, түрүүллээ. Энэхүү 15 дахь өдрийн барилдаанд Озэки Шодай, Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/-тай барилдаж түүнийг котэнаге мэхээр хаяснаар 6 даваа, 9 унаатай болсон бол Чиёошома 4 даваа, 11 унаатай башёг дуусгалаа.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/, Ишүра /М-12/-тай учраа таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаж 8 даваа, 6 унаатай башёг өндөрлүүлж байна. Хошёорюү С.Бямбасүрэн/М-6/, энэ өдөр Аойяама/М-16/-тай барилдаж түүнийг шитатэнаге мэхээр хаяж 11 даваа, 4 унаатай Хацү башёг амжилттай дуусгаж байна. Ичиножёо /М-2/, Точиношин /М-1/-той барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяж 8 даваа, 7 унаатай энэ башёгийн барилдаанаа дуусгав.
Энэ өдөр Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-1/, Окиноүми /М-4/-г окүридаши мэхээр хаяснаар 6 даваа, 9 унаатай башёг өндөрлүүллээ.