Улаанбаатар хот болон Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймагт халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж байгааг ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Коронавируст халдварын омикрон хувилбар дэлхийн 149 улсад бүртгэгдээд байна. Манай улсад сүүлийн долоо хоногт халдварын тохиолдол 2000-3000 болж нэмэгджээ. Оны өмнө ПСР шинжилгээнд эерэг илрэх хувь 4-5 хувь байсан бол одоогоор 25 хувь болж 5 дахин нэмэгдсэн байна.
Ажлын байр болон гэр бүлээс халдварлах явдал их байгаа бөгөөд сүүлийн тав хоног зорчсон тэмдэглэлээс үзэхэд дэлгүүр, эмнэлэг, нийтийн тээвэр, томоохон худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ 63 хувь нь халдварлажээ.
Дельта болон альфа хувилбарын үед таван хүн тутмын нэг буюу 19-20 хувь нь хүүхэд өвдөж байсан бол омикрон хувилбарын үед хүүхдийн өвчлөл 21.7 хувь болжээ.
Насны бүлгээр авч үзвэл, 4 хүртэлх насныхан 26.6 хувь, 5-11 насныхан 46.3 хувь, нийт 73 хувьтай байна. 11 хүртэлх насныхан вакцинд хамрагдаагүй бүлэг учраас өвчлөл өндөр байгаа аж.
Одоо хэрэгжүүлж буй хариу арга хэмжээгээ сайжруулах, дархлаа сэргээх нэмэлт тунд идэвхтэй хамрагдах хэрэгтэй байна. Түүнчлэн Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд биш, зөвхөн гэр гэртээ тэмдэглэх уриалгыг дагах шаардлагатай байна хэмээн ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан онцлов.