УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 12 удаа хуралдаж, 14 хууль, нэг тогтоолыг чуулганы нэгдсэн хуралдаанар батлуулжээ.
Тухайлбал, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийг 20 жилийн дараа шинэчлэн найруулж, батлууллаа. Уг хуулиар гадаадад ажиллаж буй монголчуудын эрхийг хамгаалах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах асуудлыг нарийвчлан зохицууллаа. Тухайлбал, гадаадад ажилтан зуучилдаг компани иргэдээс төлбөр хураамж авахгүй байх, улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан зарим салбарт ажилтан гадаадад зуучлахыг хязгаарлах зэрэг зохицуулалтыг тусгажээ. Мөн дотоодын хөдөлмөрийн зах зээлээ хамгаалах, мэргэжилтэй ажилтан дотооддоо бэлтгэх зорилгоор гадаад ажилтантэй ажил олгогч гадаад ажилтны 30-аас доошгүй хувьтай тэнцэх хүнийг дагалдан сургадаг байх зохицуулалт тусгасан байна.
Мөн тус байнгын хороо Монгол хүний удмын санг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэхүү тогтоолоор Монгол хүн судлалын салбарыг сэргээн хөгжүүлэх, айл өрх бүр Угийн бичиг хөтлөн хэвших, цаашлаад удам судраа мэдэх, цус ойртолт, удамшлын өвчлөлөөс сэргийлэх ажлын эхлэлийг тавьсан хэмээн үзэж буй юм. Хүний геном, удмын мэдээллийг бүрэн тогтоож аливаа өвчин эмгэг, түүнийг үүсгэж буй шалтгааныг олж илрүүлэх, дэвшилтэт технологи бүхий генетикийн лаборатори болон генийн сан байгуулах, хүн амын өсөлт, нөхөн үржихүй, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, хүүхдийн тоог харгалзан гэр бүлд дэмжлэг олгох асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгохыг Засгийн газарт чиглэл болгожээ.
Байнгын хороо хууль тогтоол батлахаас гадна хуулийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэгтэй Энэ хүрээнд Эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах ажлын багийг УИХ-ын гишүүн Д.Батлутаар ахлуулан ажиллуулсан. Ажлын баг 3 сар гаруйн хугацаанд нийслэл, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Орхон аймгийн эмнэлггийн ажилтай танилцаж, Засгийн газарт чиглэл өгсөн байна.
Ажлын баг:
-Хөнгөлөлттэй эмийн жороо бичүүлэх ажлыг иргэдэд хүртээмжтэй, хялбар байхаар
-Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох хөнгөлөлттэй эмийн нэр төрлийг нэмж, 584 нэр төрлийг даатгалын сангаас хөнгөлөх нөхцөлийг бүрдүүлсэн.
-Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний нэг иргэнээр тооцсон төлбөрийн хэмжээг 2022 оноос 2 дахин нэмж, санхүүжилтийг Улсын төсөвт тусгалаа.
-Эрүүл мэндийн салбарын төсвийг 1.8 их наядаар батлууллаа.
-Эмнэлгүүд бие даан төсвөө захиран зарцуулах, ТУЗ байгуулах боломжийг зохих журмын дагуу бүрдүүлэх замаар эмч, ажилчдын цалин хөлсийг гүйцэтгэлд нь суурилан нэмэгдүүлэх ялангуяа анхан шатанд ажиллаж буй эмч ажилчдын цалинг гүйцэтгэлээр нэмэгх боломжийг бүрдүүллээ.
Байнгын хорооноос 2022 оны хаврын чуулганаар Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох байгууллагын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий хяналт шалгалтын ажлын баг байгуулахаар төлөвлөгөөндөө тусгасан байна. Мөн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Уг хуулийн төсөлд эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний нэгдсэн зохицуулалт, хяналттай болж чанартай, баталгаатай, аюулгүй, боломжит үнэ өртөг бүхий эмээр ард иргэддээ үйлчлэх боломж бүрдүүлэх заалт тусгаад буй юм. Түүнчлэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, дотоод орчинд тамхи татахыг хориглох, үйлдвэрлэх, экспортлох, импортлох тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг боловсронгуй болгохоор төлөвлөсөн байна.