Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ “Богд” банк хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо.
Тодруулбал, сарын 1.3-1.5 хувийн хөнгөлөлттэй зээлийг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд шуурхай олгоно. Уян хатан, тааламжтай нөхцөлийг бизнес эрхлэгчдэд санал болгох бөгөөд цаашид барьцаа хөрөнгө, зээлийн нөхцөлийг сайжруулахад анхаарах аж. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн, “Богд” банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нар өнөөдөр мэдээлэл хийв.
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Цар тахлын нөлөөллөөр санхүүгийн эрсдэлд өртөөд буй жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эхлүүллээ. Бизнес эрхлэгчид зээлийн хөтөлбөрт хамрагдсанаар ажлын байр хадгалах, шинээр нэмэх, эдийн засгийн эргэлтэд зөв схем бүрдүүлэх боломжтой. Манай байгууллага олон улсын болон дотоодын байгууллагатай төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр 15 байгууллагатай санамж бичиг байгуулан, хамтран ажиллаж байгаагийн нэг жишээ нь энэ зээлийн хөтөлбөр юм. Мөн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргах, борлуулалт, маркетингийн сувгийг дэмжих зэрэг бодлогын хэд хэдэн ажил хийж байна” хэмээлээ.
“Богд” банкны гүйцэтгэх захирал Г.Саруул “Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар амжилттай явбал манай улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ. Манай банк өнгөрсөн онд IPO гарган, одоогоор 1500 гаруй хувьцаа эзэмшигчтэй болсон. Өнгөрсөн онд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төвтэй санамж бичиг байгуулж, шинэ төсөл хөтөлбөр санхүүжүүлэх, эдийн засагт үзүүлэх өгөөжийг нэмэхэд анхаарч байна” гэв.
Манай улсад үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч байгууллагын 70 хувь буюу 43.236 нь нийслэлд бий. 674 мянга гаруй ажилтан хөдөлмөр эрхэлж буй тус салбар нь цар тахлын нөлөөнд хамгийн их өртөж байгаа. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ 2020 оны 11 дүгээр сараас хойш 5 удаа судалгаа хийхэд салбарын 96 хувь нь санхүүгийн эрсдэлд өртсөн дүн гарчээ.