УИХ-ын Инновац цахим бодлогын байнгын хороо 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд нийт 8 удаа хуралдаж, Байнгын хорооноос чуулганы нэгдсэн хуралдаанд 5 хуулийн төслийг батлуулсан талаар тус Байнгын хорооны дарга Н.Учрал өнөөдөр мэдээлэв.
Эдгээр хуулийг баталснаар Монгол Улс дэлхий дахинаа өрнөж буй аж үйлдвэрийн IV хувьсгалтай хөл нийлүүлэн алхаж, цахимд шилжих хууль эрх зүйн орчин бүрдэж байгааг Байнгын хорооны дарга Н.Учрал мэдээллийн үеэр онцлон тэмдэглэлээ.
Бүрэн эрхээ хэрэгжүүлж буй 8 дахь удаагийн УИХ хуулийн төсөл боловсруулах ажилд иргэдийн оролцоог хангах, төрийн эрх барих эрхийг хэрэгжүүлэх эрхийг хангах lawforum.parliament.mn, хууль тогтоогчдод зориулсан lawmaker.parliament.mn цахим платформыг ашиглаж эхэлсэн юм.
УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо дараах онцлог хуулиудыг батлуулсан юм.
Нийтийн мэдээллийн тухай хуулийн хувьд, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэсэн иргэний үндсэн эрхийг баталгаажуулсан. Ингэхдээ 5 төрлийн 68 мэдээллийг байнгын ил тод, нээлттэй байлгаж, шинэчилж байх үүргийг мэдээлэл хариуцагчид олгосон байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал, "Сүүлийн үед хамгийн их хэл ам таталдаг, авлига ашиг сонирхлын зөрчилд өртдөг гэдэг асуудал бол тендер байдаг. Тэгвэл дээрх хуулиар тендерт шалгарсан болон шалгараагүй хуулийн үндэслэл, шалтгаанаа нээлттэй байлгахаар заасан. Ингэснээр хуудуутай тендер явуулсан бол тэр нь ил тод харагддаг, үүнээс шалтгаалан хариуцлагаа хүлээх нөхцөл үүснэ гэсэн үг. Төрийн өндөр албан тушаалтан, мэдээлэлд ойр хүмүүс улсын зардлаар өөрийн хүүхдээ үнэгүй сургадаг гэх мэтийн шүүмжлэл ихээр гарах болсныг Та бүхэн сайн мэдэж байгаа. Улсын зардлаар хэний хүүхэд ямар шалгуураар сурсан нь бүгд тодорхой болно. Түүнчлэн ах дүү, амраг садангаасаа хол хүний нутагт хүнд хүчир ажил хийн хэдэн төгрөг цуглуулан орон байр худалдан авсан ч нөгөө байр нь ашиглалтад ороод нэг жил ч хүрэхгүй хугацаанд бидний хэлдгээр зэс нь цухуйдаг улсын комисс яагаад ийм муу байр авсан бэ гэх асуудал гарсаар л байна. Энэ асуудлыг шийдвэрлэж барилга, байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын дүгнэлт нь нээлттэй, ил тод байхаар заалаа. Энэ мэтээр эдгээр 68 мэдээлэл нь бүгд иргэнд үр өгөөжөө өгөх юм" хэмээн тайлбарлалаа.
Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан. Энэ хүрээнд, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хүний хувийн мэдээлэл гэж тодорхойлсон.
Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Учрал хэлэхдээ, "Төрийн байгууллага, хуулийн этгээд нь мэдээлэл цуглуулж боловсруулж, ашиглахдаа мэдээллийн эзний зөвшөөрлийг заавал авдаг байхаар тусгасан. Өөрөөр хэлбэл, мэдээллийг хэрхэн ашиглах, юунд ашиглах гэх мэт зорилгоо мэдээллийн эзэнд заавал мэдэгддэг байхаар зохицуулсан. Түүнчлэн мэдээллийн хэрхэн цуглуулах, ашиглах, устгах бүхий л үйл ажиллагааг нарийн тодорхой хуульчилсан. Ерөөс иргэний эрхийг л бүхий л талаар хангахаар зорьсон. Энэ хуулийн бас нэг онцлог зохицуулалт бол хүний биеийн давхцахгүй өгөгдөл болох гарын хурууны хээг улсын бүртгэлийн байгууллага иргэний улсын бүртгэл хөтлөх, сонгогчийн бүртгэлийг хянах зорилгоор ашиглах, УИХ-ын гишүүд цахим төхөөрөмж ашиглан санал хураалтад оролцохоос бусад ямар ч тохиолдолд ашиглахыг хориглосон. Өөрөөр хэлбэл, худалдаа үйлчилгээний байгууллагууд гарын хурууны хээ ашиглан гишүүнчлэлийн хөнгөлөлт үзүүлдэг, банк, санхүүгийн байгууллагууд хурууны хээ уншуулдаг асуудал байхгүй болно гэсэн үг. Эдгээр байгууллагууд мэдээллийн нууцлалыг чанд хадгалдаг хэдий ч хэн нэгэн хариуцлагагүй хүний үйлдлээс шалтгаалан алдах эрсдэл байна л гэж харж байна. Учир нь гэмт хэрэг гарахад хэргийн газрын үзлэгт хамгийн түрүүнд гарын хурууны хээг бэхжүүлэн авдаг гэдгийг хэлэхэд ямар ач холбогдолтой болон эрсдэлтэй гэдэг нь ойлгогдох байх. Хуучин хуулиар хувь хүн нууцаа өөрөө хамгаалдаг байсан бол шинэчилсэн найруулгаар хүний хувийн мэдээллийг хувь хүнээс гадна ажил үүргийн хувьд мэдсэн мэдээлэл хариуцагч давхар хамгаалдаг байхаар зохицуулсан. Түүнчлэн мэдээллийн эзний болон мэдээлэл хариуцагчийн эрх үүргийг маш тодорхой зохицуулсан" гэлээ.
Энэ хуулийн төсөлтэй холбогдуулан сэтгүүлчид мэдээлэл гаргах эрхгүй боллоо гэх мэт шүүмжлэл гарсан. Өргөн мэдүүлсэн төслөөр сэтгүүл зүйн зорилгоор мэдээллийн эзний зөвшөөрлөөр, эсхүл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж болно гэж орж ирсэн. Үүнийг сэтгүүлзүйн зорилгоор мэдээлэл цуглуулахад заавал мэдээллийн эзний зөвшөөрөл авах шаардлагагүй гэж өөрчлөн найруулсан. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчдийн хардаад байсан асуудлыг зохицуулсан гэсэн үг гэдгийг тодотгов.
Мэдээлэл хариуцагч мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар бүхий л арга хэмжээг авахыг үүрэгжүүлсэн. Саяхан Засгийн газрын бүтцэд Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулах өөрчлөлт орсон. Энэ яам хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, олон нийтэд сурталчлан таниулах, холбогдох байгууллагатай хамтран ажиллах, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх чиг үүргийг давхар гүйцэтгэнэ гэдгийг тэмдэглэв.
Түүнчлэн хүний хувийн мэдээллийг алдсан, халдсан бол оногдуулах ялын бодлого нь чанга байх ёстой гэж Байнгын хорооноос үзэн Эрүүгийн хууль дахь ялын бодлогыг чангатгаж хорих ялын хэмжээг нэмэгдүүлсэн. Хүн бүрд хувийн орон зайг хамгаалах бол төрийн үүрэг. Ийм ч учраас дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах зорилгыг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, зөвхөн нийтийн зориулалттай орон сууцны орох, гарах нийтийн хэсэг болон дундын эзэмшлийн талбайд оршин суугчдын аюулгүй байдлыг хамгаалах, дундын эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, ажлын байранд хүний болон мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, байгууллагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, замын хөдөлгөөний мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, түүнд дүн шинжилгээ хийх зорилгоор л камер байршуулахыг зөвшөөрсөн. Энэ бүх зохицуулалт иргэн бүрд үр өгөөжөө өгнө итгэлтэй байгаагаа УИХ-ын гишүүн Н.Учрал илэрхийлэв.
Төрийн байгууллагуудын хүнд суртлыг багасгах, иргэдийн цаг, зав, хөрөнгийг хэмнэх зорилгоор Цахим гарын үсгийн тухай хуулийг 10 жилийн дараа УИХ-аас шинэчлэн баталсан юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд төрөөс нийт 30 399 тоон гарын үсгийн гэрчилгээг иргэн, хуулийн этгээдэд олгосон бөгөөд эдгээр 30 гаруй мянган гарын үсэг бол ерөөс тендерт орох зорилгоор л хуулийн этгээдүүд авсан байна. Ийм ч учраас тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн байгууллага, иргэд хоорондын өдөр тутмын ажилд өргөн нэвтрүүлэх шаардлага бий болоод байсан. Цахим гарын үсгийн тухай хуулийг шинэчлэн баталснаар цаашид иргэд, хуулийн этгээд гэрээ хэлцэл хийх, иргэд төрийн байгууллагад заавал биечлэн ирэхгүй өргөдөл гомдлоо цахимаар гаргахдаа тоон гарын үсгээ ашиглан цаг зав, мөнгө хөрөнгөө хэмнэх гэх мэт олон талын үр өгөөжөө өгөх болно. Улсын бүртгэлийн байгууллага 16 насанд хүрсэн Монгол Улсын иргэн бүрд нэг удаа үнэ төлбөргүй тоон гарын үсэг олгохоор зохицуулжээ. Харин 5 жил тутам тоон гарын үсгийн хугацааг сунгах боломжтой юм байна.
Инновац, цахим бодлогын байнгын хороо цаашдын ажлын төлөвлөгөөндөө энэ чуулганаар баталсан дээрх хуулиудын хэрэгжилтийг хангуулахад онцгой анхаарч ажиллахаар тусгаад байгааг Н.Учрал гишүүн хэлэв. Тухайлбал, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй цахим хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг Ж.Чинбүрэн гишүүнээр ахлуулан байгуулсан гэдгийг дурдав. Ирэх хаврын ээлжит чуулганаар тус ажлын хэсгийн тайлан мэдээллийг сонсож, УИХ-аас холбогдох шийдвэр, арга хэмжээг шат дараатай хийх болно гэлээ. Мөн боловсролын салбарт хийж, хэрэгжүүлж байгаа цахим шилжилтийн явцын талаарх мэдээлэлтэй танилцсан бөгөөд тун амжилттай үргэлжилж буйг дурдав.