- Үзэл бодол -
Юуны түрүүнд 500 орчим хуудастай Монголын түүхэнд (дэлхийн түүхэнд ч байж магадгүй) хамгийн урт хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулж гаргасан Засгийн газартаа баяр хүргэе.
“Алсын хараа-2050” гэх нэртэй тус бодлогын баримт бичиг нь суурь 9 зорилго, хөгжлийн 50 зорилттой бөгөөд Монгол Улсын 2050 он хүртэлх ирээдүйн гучин жилийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлэх чиглэлүүдийг төлөвлөжээ. Уг төслийг боловсруулахдаа төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн болон судалгааны байгууллагуудын шинжээч, их, дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаачдын нийт 1,500 гаруй хүнийг хамруулж, найман сарын турш ажилласны үр дүн хэмээн танилцуулав.
Монгол Улс өөрийн алсын хараагаа тодорхойлж, түүндээ Монгол хүн гэж хэн болох, Монгол хүнийг яаж бүтээх, Монгол мөрөөдөлд хүрэхэд нэгдмэл ямар үнэт зүйлстэй байх, нөгөөтэйгүүр хүний эрх, эрх чөлөөг түүндээ хэрхэн тусгах, томьёолох зэргээр өөрсдийн луужинг тохируулах хэрэгцээ, шаардлага нийгэмд нэгэнт үүсчихсэн энэ цаг үед тус баримт бичиг боловсруулагдсанаараа ач холбогдолтой хэдий ч өмнө батлагдчихсан байгаа олон хөгжлийн бодлогуудаас юугаараа ялгарах вэ гэдэг нь тун сонин байлаа. Харамсалтай нь тус баримт бичигтэй танилцаад боловсруулсан гэх сэхээтэн, судлаачиддаа гомдох уу эсвэл хэт сэтгэлгүй гэмээр хянасан засгийн газар, төрийн албан хаагчидаа буруутгах уу гэдгийг үнэндээ хэлж мэдэхгүй юм.
1. ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙГ ХУУЛЬ ТОГТООМЖИД НИЙЦҮҮЛЭН ТӨЛӨВЛӨЖ, БОЛОВСРУУЛААГҮЙ БАЙНА
Монгол Улс 2016 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс хойш Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг даган мөрдөж эхэлсэн бөгөөд хөгжлийн бодлогын баримт бичгийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, баримтлах зарчим, оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, хөгжлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд тус хуулийн зорилт чиглэсэн. Мөн Засгийн газрын 2016 оны 249 дүгээр тогтоолоор баталсан “Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам”, үнэлгээг Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг тус тус мөрдөж ажиллах эрх зүйн орчин хэдийнээ бүрдчихсэн, хэрэгжээд явж байна.
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн 6 дугаар зүйлд хөгжлийн бодлогын баримт бичиг нь дэвшүүлж байгаа зорилго, зорилтоосоо хамааран урт хугацааны, дунд хугацааны болон богино хугацааны гэсэн гурван төрөлтэй байна. Урт хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн баримт бичиг нь 15-20 жил гээд тодорхой хуульчилсан байхад тус хөгжлийн бодлогын баримт бичгийг гучин жилээр боловсруулсан байгаа нь хууль тогтоомжид нийцүүлэн төлөвлөөгүй нь болох нь илт харагдаж байна.
Мөн хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-т хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг оновчтой бодлогын хувилбарт үндэслэн нарийвчлан төлөвлөж боловсруулна гэж заасан. Мөн тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т бодлогын баримт бичиг боловсруулах цар хүрээг тодорхойлох, холбогдох тоон болон чанарын мэдээлэлд дүн шинжилгээ хийх гэж заасныг “Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам”-ын 23-т тулгамдсан асуудлыг нөхцөл байдлын шинжилгээгээр тодорхойлохоор нарийвчлан тусгасан байна. Нөхцөл байдлын шинжилгээг журмын 9.3-т асуудлын шалтгаан, үр нөлөө, хамрах хүрээг тодорхойлсон судалгаа байна гэж заасан байхад Алсын хараа – 2050 хөгжлийн бодлого нь тухайн цаг үеийн нөхцөл байдлыг тооцсон, асуудлын шалтгааныг дурдсан боловч шалтгаан бүрийн асуудалд нөлөөлөх нөлөөллийн хэмжээг тодорхойлоогүй байна. Мөн асуудлын шалтгаан үр нөлөөг дүгнэлт хэсэгтээ тодорхойлсон боловч тэдгээрийн хоорондын уялдаа холбоо, хамаарлын хэмжээг гаргаагүй, баримт нотолгоогоор баталгаажуулсан байдал тусгагдаагүй байна. Ихэнхи тохиолдолд энгийн логикоор уялдуулж тайлбарлах, тоон мэдээллүүдийн эх сурвалжуудыг тавиагүй, мөн тус баримт бичгийг боловсруулсан болон гүйцэтгэхэд оролцсон талуудыг дурдаагүй нь журмын 14-р зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна. Товчхондоо, Алсын хараа – 2050 урт хугацааны баримт бичиг нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль болоод холбогдох журмуудад нийцүүлэн төлөвлөж, боловсруулаагүй болох нь тодорхой харагдаж байна.
2. ЗӨРЧИЛДӨӨНТ САНААНУУД БА СУБЬЕКТИВ ШИНЖ ЧАНАРТАЙ АРГА ЗҮЙГЭЭР БОЛОВСРУУЛАГДСАН БОЛОХ НЬ
Л.Толстойн “Дайн ба Энх” зохиолоос дутахааргүй урт болсон энэхүү хөгжлийн баримт бичгийн өмнөтгөл хэсэг 80 нүүр байх бөгөөд олон тооны баримт мэдээллийг агуулах боловч хэнд зориулж гаргасан, ямар зорилгоор гаргаж байгаа, яг ямар үр дүнд хүрэхийг тэмүүлж байгааг тодорхойлсон хэсэг байсангүй. Нөгөөтэйгүүр тус баримт бичгийг энгийн иргэд уншаад шууд ойлгох танил үгсээр бичих нь хамгийн чухал юм. Логик дараалал, утга санааны авцалдаа дутмаг, урд байгаа асуудлыг хэдэн арван хуудасны дараа дахин дэлгэрүүлсэн байдал үнэхээр Шерлок Холмест тохиолддог адал явдлын тайлал зохиолын төгсгөлд гарах хэсгийг таньд санагдуулна. Мөн суурь 9 зорилгоо эрэмбэлж ангилсан эсэх, эрэмбэлэсэн бол ямар шалгуураар, эрэмбэлээгүй бол яагаад, эдгээр суурь зорилго маань ямар уялдаа холбоотой байх талаар дүгнэлт хийсэн хэсэг ч мөн байсангүй. Зүй нь оршил хэсэг дээрээ алсын хараагаа тодорхойлсон стратегийн бие даасан хэсэг байх ёстой юм. Гэтэл стратеги биш баахан түүхэн баримт, болсон болоогүй чимэг зүүлтээр өөрсдийгөө баясгаж хуурсаар шууд хэрэгжүүлэх арга, төлөвлөгөөнүүдийг оруулсан нь энэ баримт бичгийг үнэ цэнэгүй мэт болгож орхижээ.
- Үндэсний нэгдмэл үнэт зүйл
Энэ хэсэгт Монгол Улсын нийгмийн байгуулал, тогтолцоо, Монгол хүн гэж хэн болох, бидэнд нэгдмэл Монгол Мөрөөдөл бий эсэх, түүнд хүрэх үнэт зүйлс, зарчим юу юу байх вэ зэргээр өөрсдийнхөө суурь мөн чанар руу өнгийж, тодорхойлох гэж оролдсон бол гайхалтай байх байлаа. Хамгийн чухал энэ хэсэгтээ бид анхаардаггүйгээс болоод бид хөгжлийн замаа тэр бүрэн зураглаж, тодорхойлж чадахгүй өдийг хүрсэн билээ. Энэ баримт бичиг ч мөн адил үүнд хариулт өгөх гэж оролдсонгүй, нүдээ аниад өнгөрөхийг илүүд үзэх шиг боллоо. Нөгөөтэйгүүр, энэ хөгжлийн бодлогыг боловсруулсан хүмүүс өөрсдийн ажилдаа итгэл үнэмшилгүй хандсан нь маш их хэлбэрийн алдаануудаас тодхон харагдана. Учир нь Монгол хэл бичиг, соёлыг чухалчлан авч үзсэн мэт боловч найруулга, үг үсгийн алдаа, гадаад үг ашиглалт гээд Монгол хэлний мэдлэгийг тань сорих нэлээдгүй хэсгүүдтэй та олонтоо тааралдана. Яг л гадаад хэлнээс орчуулаад монгол хэлээр бичсэн мэт уншихад хэт төвөгтэй, модон хэлбэрээр бичигджээ. Жишээлбэл, тус баримт бичгийн 17 дугаар нүүрнээс “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хувь батлагдахаас өмнөх хугацаанд батлан хэрэгжүүлж ирсэн” гэх хэсэг байх бөгөөд гүүглийн орчуулга ч юм шиг, үг үсгийн алдаа ч юм шиг, бүр эсвэл батлагдсан хувь байгаа эсэх нь бүхэлдээ ойлгомжгүй хэсгүүд их байна. Энэ нь магадгүй сайн редакцаар орж, хянагдаагүй гэх дүгнэлтийг унших явцад эрхгүй төрнө. Мөн цаашлаад “Энергийн үнэ” (2 дугаар нүүр), ”эдийн засгийн уналтад хувь нэмрээ оруулсан, цаашдаа ч оруулахаар байна” (5 дугаар нүүр) гэх хэсгүүд ч тааралдана. Энэ мэт Монгол хүний сэтгэхүйд буухааргүй хэв маягаар илэрхийлэгдсэн бөгөөд хүн бүр их дээд сургууль төгсөж, эрдмийн зэрэг хамгаалдаггүй гэдгийг анхаарч тавдугаар ангийн хүүхэд ч уншаад ойлгогдохуйц, энгийнжүүлсэн үг хэллэгтэй байвал уг баримт бичгийн хүртээмж илүү сайжрах байсан болов уу.
“Монгол Улс ардчилсан, хүмүүнлэг нийгмийг цогцлоож, хүний эрх, оролцоо, тэгш эрх, үнэт зүйлийг дээдэлсэн нийгмийн хөгжил нь иргэн бүрийн идэвхтэй оролцооноос хамаарна” (108 дугаар нүүр) гэж заасан байна. Тус баримт бичигт ерөнхийдөө улс орны өнгөрсөн 30 жилийн хөгжилд дүн шинжилгээ хийж ирээдүйн хараагаа тодорхойлох гэж оролдсон боловч агуулга санаагаа нотолгоонд суурилуулаагүй таамаглал мэт дэвшүүлсэн байна. Эх сурвалжуудыг тавиагүй тул хэн нь мэдэгдэхгүй хүний үзэл бодол, байр суурь мэт бичигдсэн нь Алсын хараа 2050 хэр бодитой вэ гэсэн эргэлзээг бий болгож байгаа юм.
Жишээ нь “... дэлхийн бусад улс орны зүгээс Монголын түүх, соёлыг сонирхох сонирхол улам нэмэгдэж, өөрийн давтагдашгүй мөн чанараараа гайхагдах болж байна.” (50 дугаар хуудас)
Энд яг ямар улс орны зүгээс сонирхлоо хэрхэн илэрхийлсэн бэ? Эх сурвалж нь хаана байгаа вэ гэдэг зүй ёсны асуултууд шууд урган гарч ирнэ. Сонингийн нийтлэлд ч мэдээлэл, онол, аливаа байр суурийг дэвшүүлэхэд эх сурвалжийг тодорхой тавьдаг. Мөн энэ тэнд орсон олон давхардсан санаа яг л 3-5 насны хүүхдийн сэтгэлгээг хөгжүүлэх тоглоом шиг санагдана: энэ санаа хаана гарлаа, хэдэн удаа давтагдлаа, юугаараа ижил эсвэл өөр байна гээд. Алсын хараа 2050 бусад триллер зохиолуудтай нэгэн адил хүний сэтгэл зүйгээр наадаж байна уу. 21 дүгээр зуунд сэтгэлгээний эрүүл мэндийн талаар нийгэмд мэдээлэл ихээр түгэж, нээлттэй ярилцдаг болсонтой холбогдуулан энэхүү бодлогын баримт бичгийг бичсэн мэргэжилтнүүд маань нэг туршаад үзье гэж бодсон юм болов уу.
“Өнгөрсөн, одоо, ирээдүйн давхцал нь оюун санаа, хурд, мөн чанар гэсэн төгс холбоост хадгалагдаж буй бөгөөд Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлого нь үндэсний дахин давтагдашгүй онцлогт суурилсан, дэлхийн дэвшилтэт үзэл санаатай хослуулсан Монгол Улсын хөгжлийн загвар байх болно.” Оюун санаа, хурд, мөн чанар үнэхээр төгс холбоос байж чадах уу? Иймэрхүү хэт субьектив үнэт зүйлс оруулсан байгаа нь өөрөө энэ баримт бичгээ ганхуулах гол шалтгаан нь болоод байгааг боловсруулсан нөхдүүд маань ойлгож байдаг байгаа? Оюун санаа, хурд, мөн чанар гэдгийг ямар хэмжигдэхүүнээр тодорхойлох вэ, төгс холбоос гэж юу вэ? Энэ мэт шашинлаг өнгө аяс бүхий тодорхойгүй зүйлээр бус, тодорхойлогдох боломжтой зүйлсээр үнэт зүйлээ бүрдүүлж хянах засах шаардлагатай гэж үзэж байна.
- Эдийн засаг, амьдралын чанар ба дундаж давхарга
“Монголын ард түмний чинээлэг аж амьдралын чанарын ахиц, хүний хөгжилд хүрэх арга хэрэгсэл, урьдчилсан нөхцөл нь эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлт тул дараагийн 30 жилд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн өмнө тавигдаж буй хөгжлийн бодлого, зорилго, зорилтуудыг гадна талдаа дэлхий ертөнцөд гарч буй эдийн засаг, улс төр, нийгэм, хүмүүнлэг, соёл, хүн ам зүйн болон шинжлэх ухаан, технологийн орчин нөхцөлд гарч болох өөрчлөлтүүдтэй, дотоод талдаа улс орны өмнө тулгараад буй, цаашид тулгарч болох асуудлуудыг өөрийн орны онцлог нөхцөл байдалд нийцүүлэн тодорхойлов” (61 дүгээр нүүр). Энэ өгүүлбэр хэрвээ ЕЭШ дээр орж ирсэн бол сурагчид тэр дороо унах нь гарцаагүй. Өгүүлбэрийг хэрхэн бичиж боловсруулсан нь өнөөдрийн Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг харуулж байгаа байдлыг бодитоор илэрхийлсэн юм шиг хэнд ч ойлгомжгүй байдал шууд харагдана.
“Дэлхийн зах зээл дээр зэс, нүүрсний үнэ өсөж байх үед байгалийн баялгаа экспортолж эхэлсэн нь Монгол Улсад эхний үед эерэгээр нөлөөлж байсан ч үнийн хэлбэлзэл нь яваандаа Монгол Улсын ДНБ, экспортын орлогод нөлөөлж, эдийн засгийн тогтворгүй байдалд хүргэв. Цаашид ашигт малтмалын үнэ гадаад зах зээлийн нөхцөл байдлаас хамаарч эдийн засгийн тогтворгүй байдалд хүргэх эрсдэлийг дагуулав.” (2 дугаар хуудас)
Байгалийн баялгийн экспорт эдийн засгийн тогтворгүй байдалд хүргэсэн цорын ганц шалтгаан мэт бичих нь хэр оновчтой вэ? Бид Голланд өвчин, 1970-аад оны газрын тосны хямрал зэрэг түүхэнд баялгаас хараат эдийн засагт ямар эрсдэлтэй тулгарч болдог талаар онолын болон практик жишээнүүдийг мэдэж л байсан. Гэсэн хэдий ч түүхээс яагаад сургамж авсангүй вэ? Асуудал зөвхөн олон улсын зах зээл дээрх үнийн тогтворгүй байдал уу? Эсвэл үүнээс илүү гүн сууж өгсөн дотоод зөрчилдөөн, асуудлууд уу? Тэгэхээр ДЭЛХИЙН ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА ХААШАА ЯВЖ БАЙНА ВЭ? (28 дугаар нүүр) гэдэг хэсэг байх хэрэгтэй ч юм уу? Тэртээ тэргүй ямар ч асуудал гарсан дээрх шиг дэлхийн зах зээлийг л буруутгаж дуусах биз. Хэрвээ ийм тайлбар өгч бодлогоо эхлүүлэх бол СВОТ шинжилгээ хийж үндэсний сул тал, давуу тал, аюул эрсдэл, боломжоо тодорхойлох шаардлага бас байна уу?
“Дэлхийн төв банкуудын алтны нөөц, олон улсын түүхий эдийн зах зээл - АНУ-ын бодлогын хүү, үнэт цаасны хэлцлийн хүү, Хятад, Германы эдийн засгийн бууралт - Эдийн засгийн хямрал” Монгол Улс үнэхээр гадаад хүчин зүйлсээс болж өнөөдрийн нөхцөл байдалд хүрэх гэж тайлбарлахаас илүүтэй манай улс яагаад гадны нөлөөнд эмзэг байгааг онцлох нь илүү ач холбогдолтой байсан байх. Бид гадаад хүчин зүйлсийг өөрчилж, хянах боломжгүй тул дотоод асуудалдаа илүү их анхаарах нь аль ч улсын хувьд чухал. Стратегийн эхэнд хэт их гадаад хүчин зүйлсийг бичсэнээр фокусыг өөр асуудлууд руу хандуулж байна. Иймэрхүү байдлаар гадны хүчин зүйлсийг хэт их дөвийлгөж бичих нь зарим байдлаар үндэсний бүрэн бүтэн, бие даасан байдлыг алдагдсныг харуулж байгаа ч юм билүү.
Түүнчлэн, олон концепцыг учир дутагдалтай ашигласан мэт санагдана. Мэдээж хөнжлийнхөө хирээр хөлөө жийх нь тодорхой. Гэхдээ хөнжилөө яагаад хэмжиж болсонгүй вэ? Жишээ нь ХӨГЖИЛД ХӨТЛӨХ ЯМАР НӨӨЦ, БОЛОМЖ БИДЭНД БАЙНА ВЭ? гэдэг доор боломжийг зүгээр арга хэмжээгээр илэрхийлэх бус хүрч болох үр дүнгээр илэрхийлэх нь илүү ач холбогдолтой бодитой байх байсан. Гэтэл нөгөө л нэг уламжлалт бүдүүн баараг байдлаар боломжоо хэмжиж тодорхойлсон мэт харагдана. Тухайлбал: “аялал жуулчлалын өлгий нутаг (болох) боломж” (аялал жуулчлал үүсэн бий болсон нутаг гэсэн үг үү), “арвин их санхүүгийн нөөц газрын хэвлийд байна” (арвин их гэж хэр ихийг илэрхийлж байгаа вэ), эко хүнс үйлдвэрлэлийн томоохон нөөц боломжтой (томоохон гэдэг нь хэр том бэ), уурхайд тулгуурласан эдийн засгаас оюуны мэдлэгт тулгуурласан эдийн засаг руу шилжих нөөц, боломж (шилжих боломж гэж юу гэсэн үг вэ?) гэх мэт. (46-48 дугаар нүүр). “Орлогын тэгш бус байдал нь боломжийн тэгш байдалд хүргэх эрсдэлтэй байна” (41 дүгээр нүүр) ЯАЖ? Эсвэл дахиад үг үсгийн эсвэл утга санааны алдаа юу? Орлогын тэгш бус байдал нь нийгмийн бүлгүүд хооронд зөрчил үүсгэх эрсдэлтэй учраас дундаж давхарга улс орын тогтвортой байдлыг илэрхийлэх хүчин зүйлс мөн гэж холбохыг оролдсон бололтой. Гэвч “Өнөөдөр өнгө мөнгө, эрх мэдлийг шүтсэн үзэл давамгайлж байгаа нь Монгол хүний ‘хүн болох’ төлөвшилд ч сөргөөр нөлөөлж байна. Иймд нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх түвшинд шударга ёс, тэгш байдлыг эрхэмлэх (‘улааныг харж урвахгүй, шарыг харж шарвахгүй’ байх) шаардлага зүй ёсоор тавигдаж байна” гэж үргэлжлүүлэв. Тэгэхээр өнгө мөнгө, эрх мэдлийг шүтсэн үзэл, улааныг харж урвах, шарыг харж шарвах нь ямар давхаргыг хамарч байгаа гэсэн үг вэ? Энэ хэсэгт хэн нэгний нийгэм дэх гомдол цөхрөл мэдрэгдэх шиг.
Мөн “Эдийн засаг дахь төрийн оролцоог хэт багасгаснаар ажилгүйдэл, ядуурал ихсэж, нийгмийн ялгаа гарч эхэлсэн бөгөөд өнөөдөр манай улсын гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна.” (16 дугаар нүүр) Гэвч өнөөдөр эдийн засаг дахь төрийн оролцоо харин ч их байгаа, гэтэл буурахгүй байна. (Харамсалтай нь, манай улсын хувьд дундаж давхаргад чиглэсэн тусгайлсан бодлого байхгүй, нийт хүн амын ядуурал, ажилгүйдлийг бууруулахад чиглэсэн бодлогын арга хэмжээг олон жил хэрэгжүүлсэн ч хүн амын ядуурал, ажилгүйдлийн түвшинд дорвитой өөрчлөлт орохгүй, хүн амын тэгш бус байдал улам бүр нэмэгдэх хандлагатай байна. 60 дугаар нүүр) Ядуурлын түвшин төрийн оролцооны хувь хэмжээнээс шалтгаалах уу эсвэл хэрхэн оролцож буйгаас шалтгаалах уу? Иймэрхүү өөр хоорондөө зөрчилтэй байр суурийг олонтоо дэвшүүлсэн байгаа нь тус хөгжлийн бодлогын баримт бичгийг өөрийг нь хөгжүүлэх, сайжруулах нь нэн чухал санагдана.
- Ногоон хөгжил
“Монгол орны газар нутгийн байгалийн болон экосистемийн үйлчилгээний үнэ цэнэ, нөөц, ачаалал даах чадамж, амьдрал тэтгэх хязгаарын босгыг тогтоож хамгаалах, нөхөн сэргээх, судалгаанд суурилан хөгжлийг төлөвлөж, байгалийн баялгийг төрийн зохицуулалттайгаар эдийн засгийн эргэлтэд оруулах, нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай, хаягдал багатай дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэн зохистой ашиглах, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ.” (280 дугаар нүүр) гэжээ. Яагаад энэхүү баримт бичгээс эхлүүлээд илүү цомхон бөгөөд үр дүнтэй хийж болсонгүй вэ? 500 орчим хуудас цаас гэдэг бас л нөөц биш үү?
Оюу толгой бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлснээр 8000 орчим өндөр ур чадвартай ажилтан ажлын байргүй болох нөхцөл байдал үүснэ. Иймд эдгээр ур чадвартай ажилчдыг ажиллуулах үүднээс томоохон олборлолт, үйлдвэрлэлийн төслийг залгуулаад эхлүүлэх хэрэгцээ өндөр байна.” (39 дүгээр нүүр) Ямар эдийн засаг, зах зээлийн ямар прогноз, тооцоонд үндэслэж байгаа вэ? Дэлхий дахинаа олборлох салбар, ашигт малтмалын салбарын хувь хэмжээг бууруулах чиг хандлагыг баримталж байгаа. Гэтэл 8000 ажилтны төлөө үйлдвэр барих, олборлолт хийнэ гэж хэлэх нь хэр зохистой вэ?
“Хот суурин газрын хүн амын хэт төвлөрлөөс үүдэлтэй агаар, хөрс, усны бохирдол, малын тоо толгойн өсөлтийн нөлөөгөөр талхлагдсан бэлчээр нутаг, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр бий болсон хөрсний доройтол ба цөлжилт, олборлох үйлдвэрлэлийн салбараас үүдэлтэй хөрс ба усны бохирдол, усны хомдсол зэрэг нь манай орны хувьд тулгамдаж буй асуудлууд юм. Манай улсын хувьд хөдөө аж ахуй болон уул уурхай нь эдийн засгийн тэргүүлэх салбарууд бөгөөд хотжилт дагасан орчны бохирдол тулгамдаж буй асуудал тул ‘ногоон эдийн засаг’-ийн зарчмуудыг одооноос мөрдөх шаардлага өндөр байна.” (31 дүгээр нүүр) Хэрвээ ногоон хөгжил гэж тодорхойлж байгаа бол ядаж үгэн дээрээ хэмнэлттэй, бохирдолгүй байя л даа гэмээр санагдаж байна уу?
ДҮГНЭЛТИЙН ОРОНД
Алсын хараа 2050 бодлогын баримт бичгийн үр нөлөөг хэмжигдэх боломжгүй байдлаар тодорхойлсон нь түүнийг хэмжих шалгуур үзүүлэлтүүдийг гаргаж ирэх боломжгүй, хэт ерөнхий, ач холбогдолгүй, хүрэх үр дүнгүй болгож, олон янзын мэдээлэл, олон хүний байр суурь, уялдаа холбоогүй дүн шинжилгээ, таамаглал, үзэл бодол гээд есөн шидийн зүйлээс бүрдсэн цаас төдий л болчих магадлал өндөр тул одоо хэрэгжиж буй хууль болон журмын шаардлагуудад нийцүүлэн саналыг дахин хянан боловсруулах шаардлагатай гэж үзэж байна. Мэдээж Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль болон түүнийг дагалдан гарсан журмууд энэ бүх харилцааг төгс зохицуулаагүй, зарим тохиолдолд өөр хоорондоо утга агуулгын зөрүүтэй зүйлүүд байгаа ч гэлээ эрх зүйт ёсны үндсэн зарчмаа баримталж, улс орныхоо алсын харааг тодорхойлсон хөгжлийн бодлогынхоо суурийг зөв тавихад анхаарах нь зүйтэй.
Нөгөөтэйгүүр, энэхүү баримт бичгээс авч болохуйц хэд хэдэн давуу тал олж харагдлаа. Тухайлбал, “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийн төлөв байдал” хэсэгт тусгагдсан асуудлууд нь төрийн захиргааны байгууллагуудад “Бодлогын хэрэгжилтийн тайлан” маягаар жил бүр гаргаж өгч байвал илүү үр дүнтэй ашиглагдах юм. Учир нь 2019 онд хийгдсэн үнэлгээний үр дүн энэ чигээрээ 30 жилийн хугацаанд хаданд сийлэгдсэн мэт байхгүй тул энэ туршлагат үндэслэн хяналт тавих эрх бүхий байгууллага буюу Үндэсний хөгжлийн газраас тус үнэлгээг тогтмолжуулж барометер маягаар ашиглавал практик дээр бодлогын хэрэгжилт, салбар хоорондын уялдааг сайжруулах боломжтой билээ.
Мөн, урт хугацааны бодлогын баримт бичгийн санхүүжилтийн төсөөлөлтэй хамт авч үзсэн нь бусад бодлогын баримт бичгүүдээс ялгарах нэг давуу тал юм. Хэдийгээр 145.1 их наяд төгрөгийн тооцоолол хэрхэн гарсан нь тодорхойгүй боловч яг ямархүү төслүүд хэрэгжүүлэх шаардлагатай болохыг харуулснаар төрийн байгууллагууд төсвийн зарцуулалт болон гадаад санхүүжилтийг хаашаа оруулахыг чиглүүлэх оролдлого гэж үзэж байна. Гол нь эдгээр 187 төсөл, арга хэмжээний эрэмбэ дарааллыг ач холбогдлоор тогтоох нь чухал билээ. Ялангуяа энэ нь гадаад санхүүжилтийг татахад чухал мэдээлэл болох юм.
Түүнчлэн, бидний амьдарч байгаа цаг үеийн онцлог шинж чанар болох Аж үйлдвэрийн 5 дугаар хувьсгалын босгон дээр ирээд буй үед хөгжил, дэвшил, ялангуяа хөдөлмөрийн салбарт хурдацтай өөрчлөгдөж байгааг тооцож алсын хараагаа тодорхойлж байгаа нь их оновчтой юм. Учир нь өндөр хөгжилтэй улс орнуудаас эхлэн дэлхий нийт хиймэл оюун ухааныг ашиглан зарим нэгэн хүний оролцоогүй үйл ажиллагаа явуулж бүтээмжийг нэмэгдүүлж байна. Ихэвчлэн эдгээр өөрчлөлтүүд биеийн хөдөлмөр шингэсэн үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудыг хамарч энэ чиглэлээр ажилчдын тоо буурах хандлагатай байгаа юм. Энэ нь шинэлэг зүйл биш бөгөөд 1930-аад онд Жон Мейнард Кейнс ч технологийн салбарын хөгжил түр хугацааны ажилгүйдэлд хүргэх тухай сануулж байсан. Тэгэхээр ирэх 30 жилийн хугацаанд хиймэл оюун ухааны хийж чадахгүй хүний давуу тал руу чиглэж бид хөгжлийг харах нь зүйн хэрэг. Өөрөөр хэлбэл роботоос давуу тал нь хүний оюун ухаан, бүтээлч сэтгэлгээ юм гэдгийг Алсын хараа 2050 баримт бичигт тусгасан нь сайшаалтай зүйл байлаа. Ялангуяа бүсчилсэн хөгжлийг аялал жуулчлалын салбартай уялдуулж байгаа нь орон нутгийн соёл, аж ахуй, дахин давтагдашгүй онцлогийг орчин цагийн үйлчилгээний чанартай хосолж бүтээлч байдлаар хөгжүүлэхийг зорьж байгааг онцолмоор байна.
Бас нэг бодууштай зүйл нь төрөөс боловсруулсан бодлого дээр хөндлөнгийн үнэлгээ, мониторинг хийж, бодлогын хэрэгжилтээр сүүдрийн тайлан боловсруулан гаргаж чадахуйц институтын оролцоо энэ мэтчилэн баримт бичгийг унших бүр үгүйлэгдэнэ. Гэтэл өнөөдөр ихэнх судлаачид маань төрийн бодлого боловсруулахад үйл явцад зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа нь хэнд ч нууц биш болсон. Төр өөрөө судлаачдын ажил олгогч болчихоор төрийн үйл ажиллагааг шүүмжлэгчийн байр суурьнаас төдийлөн оролцож чадахгүй нь ойлгомжтой юм. Бие даасан институтын тодорхой бөгөөд бүтээлч шүүмжлэл, санаа оноогүйгээр төр өөрийн бүтээгдэхүүнийг өөрсдөө шүүмжлээд, үр нөлөөг нь дүгнээд, үнэлэлт дүгнэлт хийгээд явах нь зарчмын хувьд алдаатай учир манай судлаач, эрдэмтэд энэхүү бодлогын баримт бичигт өөрсдийн мэргэн ухаанаа тусгахад анхаараасай хэмээн уриалж байна.
ikon.mn. 2020 оны 02 сарын 17.