НӨАТ-ын өнгөрсөн оны сүүлийн улирлын буцаан олголтыг өнөөдрөөс эхэлж буйг Татварын байгууллагаас мэдээлж байна. Энэ удаа 1.2 сая иргэнд 63 тэрбум төгрөгийн 2 хувийн буцаан олголтын мөнгийг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэх аж. Ингэхдээ иргэд НӨАТ-ын буцаан олголтоос зарим татвар болон төлбөрийг төлөх боломжтойг мэдээлж байна. Тодруулбал, иргэд автотээврийн хэрэгслийн болон галт зэвсгийн, мөн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, түүнчилэн газрын төлбөрөө төлөх боломжтой.
НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журамтай. Үүнд, “Албан татвар төлөгчийн буцаан олголт авах урамшууллын дүнгээс татвар төлөгчийн хүсэлтээр бусад төрлийн албан татвар, төлбөр, хураамжид суутган тооцож болно” гэсэн нэмэлт, өөрчлөлт орсон юм.
Уг өөрчлөлтийн дагуу өнгөрсөн оны III улирлаас эхлэн НӨАТ-ын буцаан олголтоор хөрөнгийн татваруудаа шимтгэлгүй төлөх боломж бүрдсэн. Үүний дагуу 56 мянган иргэн хөрөнгөд ногдох дээрх төрлийн 6.1 тэрбум төгрөгийн хөрөнгийн татвараа төлөх боломжтой байгааг Татварын ерөнхий газраас мэдээллээ.