Танхимын хичээл эхлүүлэх эсэх талаар УОК, БШУЯ, ЭМЯ саналаа нэгтгэнэ

оруулсан Алсын Хараа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн танхимын хичээлийг эхлүүлэх эсэх талаар УОК, БШУЯ, ЭМЯ-г саналаа нэгтгэх долоо хоногийн хугацаатай үүрэг өгчээ.

Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

УОК-ын дэргэдэх Эрдэмтэдийн зөвлөл энэ сарын сүүлээс ирэх сарын эхэн хүртэл коронавирусний омикрон хувилбарын тархалтын оргил үе тохион хэмээн үзэж буй юм. Тиймээс БШУ-ны сайд Л.Энх-Амгалан их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг танхимаар эхлүүлэх талаар гурван төрлийн зохион байгуулалт хийх саналыг Засгийн газарт танилцуулсан байна. Улмаар Ерөнхий сайд УОК, БШУЯ, ЭМЯ саналаа нэгтгэх үүрэг өгсөн байна.

Мөн Засгийн газар хөл хорио тогтоох шаардлагагүй хэмээн үзэж байгаа бөгөөд УОК, ЭМЯ-наас ийм санал ирүүлээгүй гэдгийг Ч.Болортуяа хэллээ.

Тэрбээр, “Засгийн газрын харъяа байгууллагын ажилтнуудын 50 хувийг ажиллуулах УОК-ын саналыг Ерөнхий сайд дэмжээгүй бөгөөд төрийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах үүрэг өгсөн. Энэ жил Сар шинийн баяраар төрийн золголт болохгүй бөгөөд иргэдийг гэр гэртээ тэмдэглэж, цахимаар золгохыг Засгийн газар албан ёсоор уриалж байна” гэв.

Сэтгэгдэл бичих