“КОВИД-19”-ийн нийт тохиолдлын 90 хувийг омикрон хувилбар эзэлж байна

оруулсан Алсын Хараа

“КОВИД-19” халдварын ПГУ шинжилгээгээр эерэг эзлэх хувь оны өмнө 4-5 хувьтай байсан бол одоо 20 хувьд хүрээд байгаа талаар ХӨСҮТ-өөс өнөөдөр мэдээллээ.

Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж байна. Тиймээс ХӨСҮТ-өөс хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээнд өөрчлөлт оруулжээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан өнөөдөр мэдээлэл хийхдээ, "Бид 11-р сарын сүүлч болон 12-р сард эрсдэлд суурилан хилийн тандалтаас гадна тусгаарлан ажиглах байранд байгаа иргэдээс давтан шинжилгээ авч зөөвөрлөгдсөн тохиолдлуудыг илрүүлж байсан. Харин одоо дотоодын халдвар ихэссэнтэй холбоотойгоор “Омикрон” хувилбарын эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж байна. Ингэхдээ салбар хоорондын эрсдэлийн үнэлгээг зөвхөн эрүүл мэндийн салбар төдийгүй бүхий л байгууллагын дунд хийсэн. Судалгааны дүнгээр “Омикрон” хувилбар маш өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарлаа" хэмээв.

Оны өмнө нийт тохиолдлын 1-3 хувь нь омикрон хувилбарын тархалт байсан бол энэ сарын 17-ны байдлаар нийт тохиолдлын 90 хувьд омикрон хувилбар илэрч байна. Мөн өдөрт илрэх эерэг тохиолдлын тандалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд нийт тохиолдлын 80 гаруй хувьд гэр бүлийнхэн болон ажлын газрынхнаасаа халдварласан байна.

Мөн тэрээр, "Халдварын эрсдэлийг тооцож үзэхэд энэ сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр халдварын тохиолдол ихсэхээр байна. Үүнийг дагаад орны ачаалал ч нэмэгдэнэ. ХӨСҮТ оргил ачааллын үеэр 400-460 ор дэлгэдэг. ХӨСҮТ аль хэдийн ачаалал аваад эхэлсэн. Тиймээс иргэд та бүхэн халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримталж, гурав, дөрөвдүгээр тунд хамрагдахыг хүсэж байна" хэмээн дурдав.

Халдварын оргил үед уламжлалт Цагаан сарын баяр болно. Үүний дараа хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлнэ. ХӨСҮТ-өөс УОК-т хичээл, сургалтын үйл ажиллагааг хойшлуулах санал одоогоор хүргүүлээгүй байгаа бөгөөд харин цахимаар явуулах санал гаргажээ.

Сэтгэгдэл бичих