УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ.
Ерөнхийлөгчийн саналд Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эргүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг томилохоор тусгажээ.
Мөн Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эргүүлэн татаж, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг, Швецарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмаа нарыг тус тус томилохоор тусгасан байна.
Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг томилогдож буй улс орондоо очоод ямар бодлого хэрэгжүүлэхийг нэр дэвшигчдээс тодрууллаа.
БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшсэн Э.Сарантогос БНСУ-ын хөрөнгө оруулалт, Экзим банкны шугамаар Монголд хэрэгжиж байгаа төслүүдийг эрчимжүүлэхэд анхаарахаа хэллээ.
Кувейт улс нь Монгол Улсад нийт 78 сая ам.долларын зээл, 17 сая ам.долларын буцалтгүй тусламж олгосон байна. Цаашид хоёр орны худалдааны эргэлт, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэхэд онцгой анхаарна гэдгээ Кувейт Улсад суух Элчин сайдад нэр дэвшсэн П.Сэргэлэн хэллээ.
Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч Д.Гэрэлмаа нэн тэргүүнд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэх, эдийн засгаа төрөлжүүлэхэд анхаарахаа хэллээ. Швейцарийн Холбооны Улсын нийслэлд олон улсын 39 байгууллагын төв байдаг бөгөөд уг байгууллагуудтай хамтран ажиллаж төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдгээ онцлов. Мөн Швейцарийн Холбооны Улсад амьдарч буй Монгол Улсын 2000 иргэний эрх ашгийг хамгаалж, санал гомдлыг шийдвэрлэнэ гэлээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн олон улсын харилцаа хурцдаж, ээдрээтэй болж байгаа цаг үед гадаад харилцааны бодлого, томилгоонд анхаарах шаардлагатай байгааг хэллээ. Мөн тэрбээр, “Дипломат алба бол төрийн тусгай алба. Өнөөдрийн чуулганаар үг хэлсэн УИХ-ын бүх гишүүн цар тахлын дараа гадаад харилцааг эдийн засагтай уялдуулах талаар зөвлөж байна. ГХЯ-ны Эрхэм зорилгод “Үндэсний хөгжилд таатай гадаад орчин бүрдүүлэх” гэж заасан. Тиймээс гадаад харилцааг эдийн засагтай уялдуулахын тулд Элчин сайд нарын ажлыг үр дүнгээр нь дүгнэдэг байх нь зөв. Тухайлбал, Элчин сайдаар томилогдсоныхоо дараа Монгол Улсад хөрөнгө оруулалт татсан байдал, ДНБ-ийг өсөхөд нөлөөлсөн, шинэ төсөл хэрэгжүүлсэн, хөрөнгө оруулагчдыг татсан байдлаар нь ажлыг нь дүгнэдэг болоход ГХЯ анхаарч үзэх ёстой. Монгол Улс Булангийн орнуудтай хамтран хөдөө аж ахуйг хөгжүүлэх өргөн боломж бий. Тэр дундаа Кувейт, Катар, АНЭУ гэх мэт. Монголын аж ахуйн нэгж Булангийн орнууд руу мах нийлүүлэхээр гэрээ хэлцэл хийсэн гэсэн мэдээлэл байгаа ч үр дүн нь тодорхойгүй байна. Тиймээс үүнд анхаарч ажиллах хэрэгтэй” гэв.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалахад ГХЯ-наас ямар бодлого хэрэгжүүлж буйг асуулаа.
Гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалахад боловсон хүчний асуудал чухал байгааг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэллээ. Тухайлбал, БНСУ-д амьдардаг 42 мянган иргэний асуудлыг ердөө хоёр хүн хариуцаж байгаа хэмээв. Тиймээс Монгол Улсын иргэд олноор амьдардаг улс орнуудад Консулын хэлтэс шинээр байгуулж, зарим газарт орон тоо нэмнэ гэлээ.
Гадаад харилцааны салбарт улсын төсвөөс жилд хэдэн төгрөг зарцуулж байгааг УИХ-ын гишүүн С.Бямбацогт тодрууллаа. Мөн гурван жилийн дараа Монгол Улс, Швейцарийн Холбооны Улсын харилцаанд ямар дэвшил, дүн гарна гэж үзэж буйг нэр дэвшигч Д.Гэрэлмаагаас асуув.
Монгол Улс гадаадад 47 дипломат төлөөлөгчийн газартайгаас 32 нь Элчин сайдын яам аж. Гадаад харилцааны салбарт 92 тэрбум төгрөгийн зардал төсөвлөсөн байна. Гэхдээ Элчин сайдын яамд жилийн зардлаасаа багадаа 5 дахин зээл, тусламжийг Монгол Улсад оруулж ирдэг гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тайлбарлав. Мөн дипломат ажилтнуудын цалин дэлхийн дунджаас 40 хувиар бага байгааг дурдлаа.
Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч Д.Гэрэлмаа, “Швейцарийн Холбооны Улстай өнөөдрийн байдлаар гадаад худалдааны эргэлт 1.7 тэрбум ам.доллар байгаагаас экспорт 1.6 тэрбум байна. Үүний ихэнх хувийг алт эзэлж байна. Импортийн хэмжээ 35.1 сая ам.доллар. Хэрэв Элчин сайдаар томилогдвол гадаад худалдааны эргэлтийг сайжруулж, экспортыг нэмэхэд идэвхтэй ажиллана. Өнөөдрийн байдлаар Швейцарийн Холбооны Улсын 72 компанийн хөрөнгө оруулалт Монголд бүртгэгдээд байна” гэлээ.
БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяа солонгос хэл, соёлыг бүрэн мэддэг гэдгийг УИХ-ын гишүүн Н.Учрал онцлов. Мөн тэрбээр нэр дэвшигч Э.Сарантогос солонгос хэлний мэдлэгтэй эсэхийг тодрууллаа.
Нэр дэвшигч Э.Сарантогос нь Орос, Англи, Япон хэлний мэдлэгтэй бөгөөд Солонгос хэл сурахаар төлөвлөж буйгаа дурдлаа.
Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ. Чуулганаар Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.