Хилийн шугамаас ложистикийн төв хүртэлх ачаа тээвэрлэлтийг төр хариуцаж байна

оруулсан Алсын Хараа

Монгол Улс, БНХАУ-ын хилийн шугамын тэг цэгээс ложистикийн төв хүртэлх ачаа тээвэрлэлтийг төр хариуцаж байна. Харин ложистикийн төвөөс Улаанбаатар хүртэлх тээврийн зардал хуучин хэвээр байгааг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлэв.

Цар тахлын улмаас БНХАУ-ын талаас 10 сарын 13-наас эхлэн хилээр нэвтрэх ачаа тээвэрлэлтийг зогсоон, 11 сарын сүүлчээс ачаа тээврийг чингэлгийн горимоор зохион байгуулах санал тавьсны дагуу чингэлэг тээвэрлэлтээ эхлүүлээд 7 хонолоо. Эхний өдөр 24 чингэлэг хилээр нэвтрүүлсэн бол сүүлийн өдрүүдэд 65-69 болж нэмэгджээ.

“Халдвар хамгааллаа тогтвортой байлгаж чадвар энэ үйл ажиллагааг хэвийн үргэлжлэх боломжтой. Хилийн тэг цэгээс Ложистикийн төв хүртэл 3 километрт чингэлэг тээвэрлэснээр Улаанбаатар хүртэл ачаа тээвэрлэлтийн зардал 3.5 сая болж багаслаа. Ложистикийн төвөөс бусад газар луу тээвэрлэх эрх нь нээлттэй. Замын-Үүд боомтод бүртгэлтэй 5 мянга гаруй жолоочийг тусгаарлаж зохион байгуулалтад оруулсан ч халдвар хамгаалал алдагдсанаас БНХАУ хилээ хаасан. Цөөн хүний бус нийт хэрэглэгчийн эрх ашиг учир энэ удаад мэргэшсэн 50 жолоочийн халдвар хамгааллыг чанд сахиулаад улс хоорондын тээвэрлэлтээ тасралтгүй хэвийн үргэлжлүүлэх нь чухал байгаа”-г ЗТХЯ-ны Тээвэр зохион байгуулалтын хөгжлийн дарга Г.Гантулга тэмдэглэв.

Тэрбээр ачаа тээврийн гаалийн бүрдүүлэлт дарааллаараа явж байгаа. Стратегийн чухал бараа, эм тариа зэргийг хариуцсан яамны албан бичигтэйгээр гаргах боломжтой. Эрэмбэ дараалал өөрчлөх эрх хэнд ч байхгүйг онцолсон юм.

Авто тээврийн үндэсний төвөөс мягмар, баасан гараг бүр бүх боомтын ачаа тээвэрлэлтийн талаар мэдээлэл өгч байх аж.

Сэтгэгдэл бичих