ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын өнгөрсөн оны 12 дугаар сарын статистик дүнг мэдээллээ. Үүгээр мөнгөний нийлүүлэлт М 2 оны эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 27.8 их наяд төгрөг болж, ноднингийн мөн үеэс 3.6 их наяд төгрөгөөр өсөв. Үүнд, валютын харилцах 362 тэрбум төгрөгөөр, төгрөгийн харилцах 2.2 их наяд төгрөгөөр, төгрөгийн хадгаламж 1.6 их наяд төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ.
Төгрөгийн болон валютын нийт хадгаламж 19 их наяд төгрөг байгааг ҮСХ-ны статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд мэдээллээ. Үүний 70.3 хувь буюу 13.3 их наяд төгрөг нь иргэдийн, 8.8 хувь буюу 1.7 их наяд төгрөг нь байгууллагын, 20.9 хувь буюу 4 их наяд төгрөг нь валютын хадгаламж байна.